О.Батсайхан: Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг аавын талаас ирдэг

2024 оны 2 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Оохнойн Батсайхантай ярилцлаа.

- Х Богдын шүтээн дүрийг бүх хийдэд залахыг уриалсан. Үүний учир жанцан нь юу байдаг бол. Монголчууд бид энэхүү шийдвэрийг яаж ойлгож, хэрхэн хүлээж авбал зохилтой вэ?

- Юуны өмнө ирж буй сар шинийн мэнд өргөн дэвшүүлье.

Монгол нутагт маань цагийн эхэн, хаврын тэргүүн сар гарч, хавар ирлээ. Монголын Цагаан сар болж байна. Бүгдээрээ л монголоороо байхыг хүсэж, монгол соёл, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэхийг эрмэлзэж байгаа нь харагдаж байна. Энэ бол сайн зүйл.

Хаврын тэргүүн сарын шинийн эл өдрүүдэд Монголын Бурхан шашны төв, Гандантэгчэнлин хийдээс Х Богд Жавзандамба хутагтынхаа шүтээн хөргийг Монголынхоо бүх сүм хийдүүдэд залах шийдвэр гаргасан нь бас л зөв шийдвэр байлаа гэж бодож байна. Цаг хугацааны хувьд жаахан оройтож гарч байна уу л гэж бодож байлаа.

- Үүнээс өмнө Богдынхоо дүрийг залах ёстой байсан гэж хэлэх гэж байна уу?

- Тэгэлгүй яах вэ. Үнэндээ бараг жилийн өмнө шахуу гуравдугаар сарын 8-ны өдөр Дээрхийн гэгээн Далай багш Х Богд Жавзандамба хутагтыг дэлхий нийтэд ил тодоор зарлаж, Аврал итгэлт Данзан Жамбал Чойжи Ванчүг хэмээх алдар хүртэл хайрлаж, лүн авшиг хүртээсэн тухай хэвлэл мэдээллээр түгсэн биз дээ.

Уламжлалт бурхны шашинтай Монгол Улсад үндэсний шашныхаа тэргүүнийг лам хувраг, сүсэгтэн олон бүгдээр л харж сүсэглэж, итгэлийн найдвар оч хэмээн хүлээж байгаа шүү дээ. Бурхны шашны тэргүүн гэдэг бол оюун санааны удирдагч. Эв нэгдлийн оргил. Хар барааныг цайруулдаг, эвдрэл тэмцлийг эвлүүлдэг. Энэрэл, хайр, хүнлэгийн илэрхийлэл болдог. Монголчууд үе үеийн Богдыг Алтан ургаас хувилж ирж байна гэж хүлээн авч хүрээлж ирсэн байдаг.

- Одоогийн хүмүүс тэгж хүлээн авч чадах болов уу?

- Хэрэв монгол хүн бол, Монголынхоо түүх, соёлыг мэддэг бол үе үеийн Богдуудад монголчууд хүндэтгэлтэй хандах учиртай. Учир нь өнөөгийн Монгол Улсын үндэс 1911 онд Богд хааны удирдлага дор нэгдэж чадсан монголчуудын үндэсний тэмцлийн үр дүнд тавигдсан юм.

ХХ зууны эхээр монголчуудыг нэгтгэсэн том хүчин зүйл бол бурхны шашин байсан хэрэг. Тиймээс л Бурхны шашны тэргүүн Богдыгоо тойрч хүрээлж амжилт олсон хэрэг. Хан ван ноёд, ар, өвөр олон Монголын төлөөлөл тэрхүү түүхэн үйл явдлыг Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт сэргэж байна хэмээн ойлгож хүлээж авсан юм.

Монголчууд бид үндэсний түүх, соёлоосоо дэндүү их холдсон болохоор л Богдын асуудлын ач холбогдлыг сайтар ухахгүй байна.

- Х Богд алтан ургийн хүн болох уу?

- Х Богдыг ярихдаа эмээг нь яриад байх юм. Алтан ураг гэдэг бол аавын талаас үе дамжин ирдэг биз дээ. Одоо олон монголчууд тэгвэл яах гэж боржигин овогтон болох гээд байдаг юм бэ? Эзэн Чингис хааны уг удамтай холбоотой болох гэсэн санаа мөн биз дээ. Богдын тухайд Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар болон хоёрдугаар Богд хоёул Чингис хааны алтан ургийн хүмүүс мөн билээ. Түүний дараа тодорсон Богдууд цөм л Анхдугаар Богдын хувилгаан дүр мөн тул алтан урагтай шижим холбогдсон хэмээн үзэх учиртай. Тиймээс Х Богд бол Өндөр гэгээний хувилгаан дүр гэж хүлээн авах нь зөв юм.

Х Богдын аав нь сайхан монгол эр хүн байна лээ. Булган аймгийн жолоочийн хүү юм гэсэн. МУИС-ийн сайхан сэхээтэн, профессор, Төрийн шагналт математикч гэж дуулсан. Тиймээс лам хувраг сүсэгтэн олон бүхий л монголчууд Богдыгоо Чингис хааны алтан ургийн удам, Өндөр Гэгээн Занабазарын хувилсан дүр гэж хүлээн авч, бишрэн шүтэж хүндэтгэвэл түүхэндээ болон Богдууддаа хүндэтгэлтэй хандаж байгаа нэг хэлбэр болно гэж бодож байна.

Түүх болон уран зохиол, уран сайхны кинонд Богд хааныг сөргөөр үзүүлж байсны уршгаар бурхны шашин, Богдын дүр монголчуудад нэг л буухгүй байх шиг байна.

Онцгойлон хэлэхэд монголчууд бид Х богдын асуудалд өнгөц хандмааргүй байна. Энэ бол монголчуудын хувьд амин асуудал шүү. 267 жилийн дараа бурхны шашны тэргүүнээр Монгол нутгаас, монгол хүн тодорлоо. Энэ магадгүй дахиад 200, 300 жил бурхны шашны тэргүүн монгол хүн байх түүхэн эхлэл гэж ойлгож хүлээн авбал зохилтой. Хүний сүсэг бишрэл, шашин шүтлэг гэдэг нэн эмзэг.

Монгол үндэсний, монгол хүний зүрхэндээ тээж яваа гэрлийн очийг асаасан энэ эмзэг зүйлийг арилжаа наймаа, авах өгөхийн өнцгөөр харж, хандах нь зохимжгүй. Уламжлалыг харвал өмнөх есөн Богдын асуудал яригдах учиртай. Архивын сурвалжид бичсэнийг үзвэл үе үеийн Богд ямар ч маргаан, мадаггүй тодордог нь тодорхой харагдаг. Тэгээд ч Богдын үйл хөдлөлөөр ямар ч маргаан, мадаггүй байсан гэдэг нь нотлогдож байдаг тийм жамтай.

- Х Богдын асуудал Монголын геополитикт хэрхэн нөлөөлөх бол?

- Монголчууд өөрийн шашны тэргүүнээ тодруулах нь Монголын дотоод асуудал. Тиймээс ямар нэгэн гадаад улсын эрх ашгийг хөндөхгүй байх гэж бодож байна. Тиймээс нэн тэргүүнд монголчууд дотооддоо Богдыгоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчууд Богдоо хүрээлэх хэрэгтэй. Тойрч нэгдэх хэрэгтэй. 1911 онд Богдыгоо тойрч нэгдэж байж тусгаар тогтнол эрх чөлөөгөө сэргээн мандуулж, энэ газар нутагтаа эзэн болж чадсан юм. 100 гаруй жилийн дараа бид хэн болсон билээ дээ.

Түүх соёлын хувьд оюун санааны удирдагч нь Богд байх учиртай шүү. Даяаршиж буй эл эрин үед Монгол гэдгээ таньсан, Богдыгоо хүрээлж, эвлэлдэн нэгдсэн Монгол болох нь бидний хүсэл юм байгаа биз дээ. Хэрэв тэгж чадах аваас бурхны шашинтай орнуудтай харилцах харилцаа өргөжнө. Тухайлбал БНХАУ, Япон, Түвд, Тайланд, ОХУ-ын бурхан шашин шүтдэг хүмүүстэй өргөн харилцаатай байх боломж нээгдэнэ.

- Шашнаар дамжуулж үндэсний соёл уламжлагдаж ирсэн үү?

- Бурхны шашин монголчуудын үндэсний шашин болтлоо бидний амьдрал, зан заншил, соёлд нэвт шингэсэн байгаа. Хэдийгээр социализмын жилүүдэд шашингүй үзлийг номлож, бурхны шашны олон лам хуврагийг хөнөөж, сүм хийдийг устгасан ч гэсэн монголчуудын амьдралын хэв маягт хадгалагдсаар өнөө цагтай золгосон байна.

1990 оны ардчилсан хувьсгалын дараа бурхны шашин сэргэх замд орж настан буурлууд сүсэгтэн олон ихээр баярлацгаасан байдаг. Яагаад гэвэл бурхны шашин монголчуудын үндэсний уламжлалт шашин тул бидний оршихуйн дархлаа болон тогтнож иржээ.

Тиймээс эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуай “Бурхны шашин цагаан хэрмийн хойгуур татсан шар хэрэм шүү” гэж хэлсэн удаатай байна. Өөрөөр хэлбэл маш олон хүн амтай хятад соёлоос Монголыг хамгаалсан шар хэрэм гэсэн утгатай үг юм. Бичиг үсгээр соёл дамжиж ирдэг. Тиймээс бид ийм шар хэрэм байсан шүү, байгаа шүү гэдгийг мөнхөд санаж байх хэрэгтэй.

Түүхээ мэддэг хүн үндэснийхээ эсрэг шийдвэр гаргадаггүй юм гэнэ лээ. Түүхээ мэддэг хүн эх орноосоо урвадаггүй юм гэнэ лээ. Монголын сүүлийн 300, 400 жилийн түүх бол Бурхны шашны түүх юм шүү. Богд түүхээр уламжлагдаж ирсэн хүн юм. Тиймээс түүхэндээ, Богддоо хүндэтгэлтэй хандаарай, монголчууд аа.

- Цагаан сарын тухайд тодруулж хэлэхгүй юу?

- Цагаан сар бол бурхны шашинтай орны тэмдэглэдэг баяр. Монголчууд бурхны шашинтай учраас Цагаан сар бидний үндэсний баяр болсон юм. 1911 оны дараа Богд хааны зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичигт Цагаан сар бол үндэсний баяр тул бүх монголчуудыг Шинийн нэгний өглөө Хүрээний зүг хандан мөргөж байхыг хуульчилсан байдаг юм. Энэ бол Хаан аавын цахиж асаасан хатан ээжийн үлээж хөгжөөсөн Монголынхоо гал голомтод хүндэтгэл илэрхийлж байгаарай гэсэн утгатай юм.

Тиймээс монгол хүн бүр суугаа газраасаа Монголынхоо гал голомт, үндэс угсаа, өвөг дээдэс, өрлөг түүх, төр, шашин, түүх соёл, үнэт зүйлсээ дээдлэн Нийслэл Хүрээний зүг харан мөргөж, сүү цагааныхаа дээжийг өргөж иржээ. Охид хөвгүүддээ үндэснийхээ түүхийг үнэн мөнөөр нь мэдүүлэх нь чухал байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654731
3 эможи

Зангараг
2024-02-16 07:36
Хуурамч шарын шашныг монголын төрөөс зайлуулах ёстой.Харийн энэ шашинд сүсэглэж байгаа хүмүүс бүгд манж удамтай юм билээ. Тэр Богд могд энээ тэрээ гэсэн юмнууд бол бүгд хоосон, мухар сүсгийн бэлэг тэмдгүүд. Энэ Батсайхан өөрөө мухар сүсэгтэй хүн байна.Шарын шашныг зайлуулахгүй бол Монгол улс хөгжлийн гарцаа олж чадахгүй төөрөлдсөөр ирсэн шигээ сайхан онцаг, цаг хугацааг алдсаар байх болно Сэрцгээ, сэхээрцгээ үхэр монголчууд аа.
Зочин
2024-02-15 11:58
Х Богд Монголд тодорсон нь сайхан билэгдэлтэй, зарим лам нарын ёс зүйн талаас нь зөв байлгах зарим нь номтой номгүй нь мэдэхгүй Энэтхэг ном үзсэн гэж яриад мөнгө л авах олох гэсэн юм шиг л байх юм...
keyboard_arrow_up