Дэлбэрэлтийн улмаас эмчлүүлж байсан 4 иргэн нас барж, хоёр нь гадагшаа эмчилгээнд явжээ
Дүнжингарав худалдааны төв орчимд 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн үед байгалийн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл, суудлын автомашинтай мөргөлдсөн харамсалтай хэрэг гарсан билээ.
Ослын улмаас онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан бол галын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 19 настай залуу энэ сарын 5-ны өдөр нас барсан.
Тэгвэл ослын улмаас 80-90 хувийн түлэгдэлттэй, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан гурван иргэн мөн нас баржээ.
Энэ талаар ГССҮТ-өөс тодруулахад “Эрчимт эмчилгээ хийлгэж байсан зургаан хүний хоёр нь ар гэрийн хүсэлтээр гадагшаа эмчилгээнд явсан. Эмчлүүлж байсан дөрвөн иргэн нас барсан. Хамгийн сүүлд битүүний өдөр буюу энэ сарын 9-ний өдөр нэг иргэн нас барсан. Одоо тухайн ослоос гэмтсэн иргэн эмнэлэгт байхгүй” гэв.