Цас их орж зам хаагдсан тул Шилийн богд чиглэлд зорчихгүй байхыг зөвлөлөө
Сар шинийн баярын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгддэг. Энэ жил тус хайрхныг зорихгүй байхыг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа. Учир нь цас их орж, тус чиглэлийн зам, даваа хаагджээ.
Өнгөрсөн оны сар шинийн баярын өдрөөр 5000 гаруй тээврийн хэрэгслээр, 20-30 мянга орчим иргэн Шилийн богд хайрхныг зорин очсон тухай статистикийг цагдаагийн байгууллагаас танилцуулж байв.
Мөн Төв болон Зүүн аймгуудын нутгаар өнөөдөр, маргаашдаа цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Иймд:
Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
- Тээврийн хэрэгслийн жолооч нарт зам даваа цасанд хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж байгаа тул шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байх
- Шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих
- Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг зөвлөж байна.