04.00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон малчин эмэгтэй эндсэн байжээ
Архангай аймгийн Жаргалант сумын Ямаат багийн нутаг сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т орших Үзүүрийн бууц хэмээх газарт хоёрдугаар сарын 4-ний 04:00 цагийн орчим тус сумын харьяат малчин О гэрээсээ гараад сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг 4-ний 18:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийнхан, сумын Мэргэжлийн ангийнхан малчин 56 настай эмэгтэйг /сэтгэцийн өөрчлөлттэй/ эрэн хайх ажиллагааг 5-ны өдрийн 12:25 цагаас эхлүүлжээ.
Тус багийн Арцны сахья гэдэг газар Орхон голын эрэг дагуу завьтай 50 метр зайд эрэн хайж, 13:37 цагт цогцсыг нь олж, гарган сумын Цагдаагийн тасгийн зохицуулагчид шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.