ЦЕГ: Нэг тарвага хууль бусаар агнавал 1.1 сая төгрөгийн торгуультай
Экологийн цагдаагийн албанаас орон нутгаас Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнд холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулсан хяналт шалгалтаар тарвага 179, чоно 10, зээр нэг, загас 187, үнэг, туулай тус бүр гурав, ятуу шувуу ес, хярс зургаа, зэрлэг гахайн мах 15 кг, чононы соёо 11, бугын эвэр зургаа, чанаж бэлтгэсэн тарвага дөрвөн ширхгийг тус тус эд мөрийн баримтаар түр хураан авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хуулийн хугацаанд шилжүүлээд байна.
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас түр хураагдсан эд зүйлсийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12.2, 4.12.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газар болон Зоонозын өвчин судлалын төвд шилжүүлдэг.
Зэрлэг ан амьтны гаралтай түүхий эдийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол гэмт хэрэг, зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэдэг болохыг анхааруулж байна.
Нэгдүгээр сарын байдлаар орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн хот хоорондын зорчигч тээврийн автобусанд 105 удаагийн үйлдлээр бүтэн тарвага, тарвагны мах оруулсан зөрчил илрүүлжээ.
Тарвага агнахыг гурван жилээр хориглосон ба нэг тарваганы экологийн үнэлгээ 410 мянган төгрөг. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлж төлөхийн дээр Зөрчлийн тухай хуулиар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Тэгэхээр нэг тарвага хууль бусаар оруулахыг завдсаны төлөө 1.1 сая төгрөгөөр торгуулах шийтгэлтэй. Иймд хууль бусаар ан амьтан агнах, амьтны мах худалдан борлуулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулав.