Нүүрсний хэргийг “нууц”-аар шүүсэн нь нууц хэвээр үлдэх үү
“...Ганхуягийн асуудал хийсэн хэрэгтээ биш хэлэх үгэндээ байсан юм биш үү” гээд сүүлийн хоёр хоногт их ярьж байна. Учир нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарыг хагас сарын турш хаалттай шүүгээд уржигдар шийдвэрээ гаргасан. Уг нь, шүүх хурлын өмнө, ер нь өнгөрсөн хугацаанд тэдэнтэй холбоотой нэлээд олон үйлдэл, маш их мөнгөний дүн яригдсан. Гэтэл шүүхээс оноосон ял нь олон нийтэд ихэд “гологдсон” юм. Нийгмийн шүүмжлэл байсаар байна.
Хамгийн гол нь Б.Ганхуяг нарын асуудал нь нүүрсний гэх бүлэг хэргийн нэлээд голлох байр суурьтай. Гэтэл шүүх хуралдаан хаалттай явагдсан. Шүүх анхнаасаа ингэж шийдээд, хуралдааныг “хаахад” олон нийт эргэлзээд эхэлсэн. Шүүх хуралдаан дуусаж, шийдвэр гарсаны дараа ч “...Яагаад, юунаас болоод вэ” гэдэгт хариулт алга байна.
Ямартай ч өнгөрсөн намар нэгэн шүүх хуралдааны өмнө прокурор нь "...Урьдчилсан хэлэлцүүлгийг хаалттай явуулах, гэм бурууг шүүх хурлыг тухайн үед нь шийдвэрлэх, шүүх хурлыг үргэлжлүүлэх боломжтой" гэж байсан. Түүгээр болсон уу. Эсвэл сая, өнгөрсөн сарын дундуур шүүгдэгч Д-ийн өмгөөлөгч Л.Очбаяр “...Нотлох баримтыг шинжлэн судлах үеэр хувийн байдалтай холбоотой зүйл яригдах учраас шүүх хуралдааныг хаалттай явуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Түүнийг хүлээж авсан уу. Шүүхээс албан ёсны тайлбар мэдээлэл алга.
“...Шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой” гэх тодотгол бүхий тойм мэдээндээ “...НПГ-аас нэр бүхий 11 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны нэгдүгээр сарын 15-31-ний өдрүүдэд хянан хэлэлцлээ” гээд тэднийг бууруутгасан Эрүүгийн хуулийн зүйл заалтуудыг жагсаажээ.
Тэр дунд нь “...Төрийн нууцтай холбоотой” гэх зэрэг жирийн иргэдэд ойлгогдохоор хаалттай хэлэлцэх зүйл заалт алга. Гэтэл Б.Ганхуяг нарын тухайд “...Шүүх хуралдааны нээлттэй явуулаач” гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байв. Тэр ч байтугай “...Үгээ хэлмээр байна” гэдэг. Тэрбээр өнгөрсөн намрын нэг шүүх хуралдааны үеэр маш ноцтой зүйлсийг ярьсан байдаг. Тухайлбал, “...Оффтейк гэрээ, нүүрсний хулгай, нэг тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллараар гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна вэ. Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Нотлох баримтыг дандаа гэрчийн үгээр хүн ялласан процедурын алдаа ярьж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг 10 дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг барьж шалгасан. Үүнд гомдоллоод байх юм алга. Шалгах ёстой бол шалгаад яв. ...Нүүрсний хэрэгт тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу. Тэгвэл УИХ дээр ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм. Шалгаж байгаа юм бол надаас юу ч асуудаггүй юм бэ. Жорлон, нүүрс, оффтейк гээд над дээр хэрэг тохох гэж байгаа бол би бараг 100 гаруй жилийн ял авах юм байна. ...Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. ...Өөрийн болон ар гэр, хамаатан садныхаа аюулгүй байдлыг хамгаалах хүсэлт тавьж байна. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой. Би эрх бүхий байгууллагын шийдвэрээр явсан. Энд нэг ч байцаалт намын Удирдах зөвлөлийн гишүүдээс аваагүй ирсэн. Тэднээс аваач ээ. ...Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Үнэхээр хэргээ олохгүй байгаад байна. Эсвэл олчихоод нуугаад байгаа юм уу. Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. Хэрэв бид Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол хамаагүй, зөвшөөрч байна. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир. Надад баталгаа гаргаж өгвөл бүгдийг нь ярьж өгье” гэсэн юм.
Чухамдаа энэ л эхэнд хэлсэн “...Ганхуягийн асуудал хийсэн хэрэгтээ биш хэлэх үгэндээ байсан юм биш үү” гэх ярианы үндэс болж буй бололтой. Түүнчлэн он солигдох үеэр болсон нүүрсний сонсголоор хамгийн нэхэгдэж байсан гэрч бол Б.Ганхуяг байсан. УИХ-аас бичиг явуулдаг. Прокурор нь шүүх рүү, шүүх нь хууль руу чихээд түүнийг сонсголд оролцуулаагүй байдаг.
Гэвч, нүүрсний хэргийг “нууц”-аар шүүсэн нь нууц хэвээр үлдэхгүй л дээ. Бүх зүйл цаг хугацаатай. Б.Ганхуяг нэг л өдөр бүгдийг ярина. Тэр цагт түүний амнаас “...Намынхаа тухай”, “...Журмын нөхдийнхөө талаар”, “...Шүүхтэй холбоотой” гээд олон үнэн ил болох биз ээ.
Б.ДАМДИН-ОЧИР