Шинээр хувьцаатай болсон хүүхдүүд, иргэд ЯАХ ЁСТОЙ вэ?

2024 оны 1 сарын 31

Arslan.mn

2012 онд Монгол Улсын иргэдэд газрын баялгаас хувь хүртээх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлсэн байдаг. 2012 оны 4-р сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд 1072 хувьцаагүй байсан бол 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэх тухай тогтоолыг 2024 оны 1-р сарын 17-ны өдрийн УИХ-ын чуулганаар баталсан. Дээрх мэдээлэлтэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултуудад тайлбар өгөх зорилгоор Гүүдсек ҮЦК-иас дараах мэдээллийг бэлтгэлээ.

Шинээр хувьцаатай болсон хүүхдүүд, иргэд яах ёстой вэ?

Шинээр хувьцаа эзэмшигч болсон 1 сая орчим Монгол Улсын иргэд байгаа ба тэдгээр хүмүүс брокерын компанид үнэт цаасны данс нээлгэснээр 1072 хувьцаагаа өөрийн нэр дээр баталгаажуулна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн цэвэр ашгаас ногдол ашиг олгох тухай шийдвэр гарахад тухайн үнэт цаасны дансаараа дамжуулан авах боломжтой.

Үнэт цаасны дансыг заавал брокер дээр очиж нээлгэх үү?

Заавал очиж нээлгэх шаардлагагүй. Цахимаар данс нээлгэх боломжтой.

Хамгийн хялбараар, шуурхай үнэт цаасны данс нээлгэх бол ЭНД дарж Фэйсбүүк мессенжерээр 1 минутад данс нээлгэх хүсэлтээ өгөх боломжтой.

Данс нээх хураамж 10,000₮. Хураамжаа зааврын дагуу төлснөөс хойш ажлын 3 өдөрт багтан үнэт цаасны данс нээгдэж баталгааждаг.

Мессенжерээр данс нээлгэх заавар видео үзэх

Мөн та www.goodsec.mn/online хаяг дээр даран цахим хуудсаар, эсвэл GoodSec аппликейшнийг гар утсандаа суулган үнэт цаасны данс нээлгэх боломжтой.

Аппликейшн татах холбоос:

Гүүдсек ҮЦК-ийн тухай

“Гүүдсек ҮЦК” ХХК нь 2008 онд байгуулагдсан. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгөөр брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээг үзүүлдэг, Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн үнэт цаасны компани. Улаанбаатар хот болон 14 аймагт салбартай, үйл ажиллагаандаа цахим системийг 100% нэвтрүүлсэн, Монгол Улсын хамгийн олон харилцагчтай үнэт цаасны компани юм. Цахим хуудас www.goodsec.mn

Цахимаар данс нээлгэх боломжгүй бол яах вэ?

Та Гүүдсек ҮЦК-ийн Улаанбаатар хот болон 14 аймагт байрлах салбаруудад очин данс нээлгэх боломжтой. Салбаруудын хаяг харах: www.goodsec.mn/contact

Үнэт цаасны данс нээлгэхдээ юуг анхаарах ёстой вэ?

Үнэт цаасны данс нээлгэх хүсэлт өгөх үед хамгийн сүүлд БАНКНЫ ДАНСНЫ ДУГААР асуудаг. Тус асуултад данс нээлгэж байгаа иргэний нэр дээрх банкны зөв дансыг бүртгүүлэх шаардлагатай. Хүүхдийн данс нээлгэж байгаа бол ЗААВАЛ хүүхдийн өөрийн нэр дээрх банкны дансыг бүртгүүлэх шаардлагатай. Хадгаламжийн, эсвэл хүүхдийн мөнгө авдаг дансыг бүртгүүлж болно. Эцэг эх нь өөрийнхөө дансыг өгөх нь буруу. Үүнээс үүдэн дараа ногдол ашиг шилжүүлэх үед данс эзэмшигчийн овог нэр зөрж шилжүүлэг хийгдэхгүйг анхаарна уу.

Хүүхдийнхээ банкны дансны дугаарыг мэдэхгүй байгаа тохиолдолд харилцдаг банкнаас, эсвэл асран хамгаалагч нь E-Mongolia цахим системд нэвтрэн харах боломжтой.

Үнэт цаасны данс нээлгэх хүсэлтээ та цахимаар эсвэл салбарт очин өгсний дараа танд цахим системд (www.goodsec.mn/login) нэвтрэх нэр, нууц үг олгогддог. Тухайн нэр нууц үгээр цахим системд, эсвэл аппликейшнд нэвтрэн үйлчилгээ авах боломжтой тул нэр нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, нууцлах хэрэгтэй.

Мөн хүсэлт өгмөгц данс нээх хураамж шилжүүлэх заавар төгсгөлд нь очдог. Тус зааврын дагуу гүйлгээний утгад данс нээлгэж байгаа иргэний РЕГИСТРИЙН ДУГААРЫГ кирилл үсгээр, УТАСНЫ ДУГААРЫН хамт бичин шилжүүлнэ. Хүүхдийн данс нээлгэж байгаа бол хүүхдийн өөрийнх нь регистрийг бичнэ. Эцэг эх нь регистрээ бичиж болохгүй ба буруу утга бичсэнээс болж данс нээгдэхгүй удах эрсдэлтэйг анхаарна уу.

Үнэт цаасны данс хэрхэн нээгдэж баталгааждаг вэ?

Үнэт цаасны данс нээх хүсэлт хүлээн аваад, хураамжийг зааврын дагуу, зөв төлсний дараагаар таны хүсэлтийг бид Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээдэг ба тус байгууллагад таны хүсэлтийн дагуу данс нээгдэж баталгааждаг. Үнэт цаасны данс хэвийн ачаалалтай үед ажлын 1-3 өдөрт багтан нээгддэг. Ачаалал нэмэгдсэнтэй холбоотой тус хугацаа удаашрах магадлалтайг анхаарна уу. Улсын бүртгэлийн мэдээлэлтэй харилцагчийн мэдээлэл зөрсөн, овог нэр, эсвэл регистрээ урьд өмнө нь солиулж байсан иргэдэд данс нээгдэх хугацаа удаашрах магадлалтай байдаг тул та бүхэн түр хүлээх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд манай компаниас тань руу холбогдон мэдээлэл тодруулдаг.

Гүүдсек ҮЦК-д данс нээгдсэн эсэхийг хэрхэн шалгах вэ?

Үнэт цаасны данс нээлгэх үед танд олгогдсон “СИСТЕМД НЭВТРЭХ НЭР, НУУЦ ҮГ”-ийн тусламжтай www.goodsec.mn/login хаягт хандан нэвтэрч орно. Зүүн дээд буланд Дансны төлөв харагдана.

  • “Шинэ” гэсэн байвал данс нээх хүсэлт өгсөн, төлбөр төлөлт хараахан бүртгэгдээгүй байгаа гэсэн үг. Дансны хуулгаа бид өдөрт 2 удаа татдаг тул төлбөр шилжүүлсний дараа хэсэг хугацаанд “Шинэ” төлөвтэй байж болох тул та хүсэлт өгсний маргааш нь шалгаж үзээрэй.
  • “Төлбөр төлөлт бүртгэгдсэн” гэвэл данс нээх хүсэлтийн төлбөр төлөлт бүртгэгдсэн, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээгдэх гэж байна гэсэн үг.
  • “ҮЦТХТ рүү илгээсэн” гэсэн байвал таны төлбөр төлөлт бүртгэгдэн бид мэдээллийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү илгээсэн. Тухайн байгууллагад нээгдэхээр хүлээгдэж байна гэсэн үг.
  • “Данс нээгдсэн” гэсэн байвал данс нээгдэж баталгаажсан гэсэн үг.

Үнэт цаасны данс хэвийн ачаалалтай үед ажлын 1-3 өдөрт багтан нээгддэг.

2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа олгох шийдвэр гараад удаагүй байгаа тул данс нээгдсэн ч хувьцааны тоо ширхэг 0 гэж харагдаж байна. Хэсэг хугацааны дараа хувьцааны тоо ширхэг харагдахыг анхаараарай.

Ногдол ашиг олгох уу?

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2019 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ 2020 онд нэгж хувьцаанд 90₮ (Татварын өмнөх) олгосон ба үүнээс хойш ахин ногдол ашиг олгоогүй байна.

Харин одоогийн тухайд “2022 оны ашгаас иргэн нэг бүрд 120 мянга орчим, 2023 оны ашгаас 233 мянга орчим төгрөг буюу нийт 350 гаруй мянган төгрөг ногдох боломж бий. Гэхдээ олгохоор эцэслэн шийдвэрлэсэн зүйл байхгүй” хэмээн "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт мэдэгдсэн. Ногдол ашиг олгох эсэх, хэзээ, хэрхэн олгох талаар шийдвэр 2024 оны 2-р сарын 19-ний өдрийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гарна.

2020 онд ногдол ашгаа авч чадаагүй бол нөхөн авч болох уу?

2012/04/11-ний өдрөөс өмнө төрсөн 1072 хувьцаатай иргэдэд ногдол ашгийг олгож байсан ба та 1072 хувьцаатай, 2012/04/11-ний өдрөөс өмнө төрсөн бол нөхөн авах боломжтой. Таны ногдол ашгийн мөнгө Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж байгаа.

2020 онд ногдол ашгаа авч чадаагүй иргэд үнэт цаасны данс нээлгэж байсан бол тухайн данс нээлгэсэн брокертоо хандаж, данс нээлгэж байгаагүй бол үнэт цаасны данс нээлгэн банкны зөв дансаа бүртгүүлэн авах боломжтой. Гэхдээ тус ногдол ашгийн шилжүүлгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилжүүлдэг тул хугацаа орохыг анхаараарай. Өмнө нь үнэт цаасны данс нээлгэсэн брокертойгоо холбогдож чадахгүй байгаа бол та өөрийн биеэр манай салбарт хүрэлцэн ирж үнэт цаасны данс нээлгээд, үнэт цаас шилжүүлэх өргөдөл гараар бөглөн өгснөөр ногдол ашгаа авах боломжтой.

Салбаруудын хаяг харах: www.goodsec.mn/contact

Гүүдсек ҮЦК ХХК

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654399
1 эможи

keyboard_arrow_up