Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ байгууллаа
Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд энэ онд шинээр 600 автобус худалдан авч буй. Эдгээр автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулахаар болсон. Төлбөрийн эргэн төлөлт Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зарцуулагдах юм. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн 16 байгууллагатай гэрээ байгуулахаар техник, санхүүгийн хүчин чадлыг тодорхойлж, эхний ээлжид гурван оператор компанид 115 автобус ашиглуулахаар гэрээ байгууллаа. Тодруулбал, “Эмсид” ХХК 45 автобус, “Сутайн буянт” ХХК 50 автобус, “Мяралзаа” ХХК 20 автобусыг төлбөртэй ашиглах гэрээг “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-тай байгуулсан юм.
Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл, төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Н.Баярчимэг:
Парк шинэчлэлийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч буй автобуснуудыг хувийн хэвшлийн оператор компаниудтай хэлэлцээр хийсний үндсэн дээр төлбөртэй ашиглуулах гэрээг байгуулж эхэллээ. Автобуснуудыг яаралтай үйлчилгээнд гаргах шаардлагатай байгаа тул эхний ээлжид шаардлага хангасан гурван байгууллагатай гэрээ байгуулсан. Дараа дараагийн компаниудтай гэрээ байгуулахаар бэлтгэж байна. Гэрээнд заасны дагуу эргэн төлөлтийг хувийн хэвшил өөрөө төлж, Нийтийн тээвэр хөгжүүлэх санд төвлөрүүлэн, уг санг хөрөнгөжүүлэх замаар дараагийн парк шинэчлэлийг хийх боломжийг бүрдүүлэх юм. Гэрээний хугацаа долоон жил бөгөөд эргэн төлөлт бүрэн дуусахад автобусны өмчлөлийг хувийн хэвшилд шилжүүлэх зохицуулалттай.
“Эмсид” ХХК-ийн захирал Д.Энхбат:
Манай байгууллага 2005 оны зургаадугаар сард гурван тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 42 тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд БНСУ-аас хуучин тээврийн хэрэгсэл импортлон оруулж ирж байсан. Энэ удаад “Улаанбаатар хөгжлийн корпорац” ХК-тай 3-4 удаагийн уулзалт хийн, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгууллаа. Уг гэрээгээр долоон жилийн хугацаанд 12.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 45 автобусыг эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авч байна гэв.
Хувийн хэвшлийн байгууллагууд Нийслэлийн Нийтийн тээврийн газартай байгуулах маршрут, чиглэлийн гэрээг цаашид илүү тогтвортой байлгах саналыг гарган, гэрээнд тусгаж байгаа юм.