Д.Энхжаргалыг бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 22-28-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Тухайлбал, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал асан Д.Энхжаргал нь бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Д.Энхжаргал нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгон албан тушаалд томилж, ажлын гүйцэтгэл, тодорхойлолтгүйгээр цалин, урамшуулал олгож Шинжлэх ухаан технологийн санд хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.