“2022 оны ногдол ашгийг Цагаан сарын өмнө, 2023 оныхыг энэ хавар олгоно“
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ батласан. Ингэснээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мэндэлсэн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхээр болж байсан.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр, “ЭТТ”-н 2022 оны компанийн санхүүгийн тайланг аудиторууд хянан шалгаж дууссан бөгөөд 2022 оны ногдол ашгийг ногдол ашгийг Цагаан сараас өмнө олгохоор ажиллаж байна гэв. Харин 2023 оны ногдол ашгийг аудитын хяналт шалгалтын дараа буюу Цагаан сарын дараа олгох юм байна.
Өмнө нь хувьцааны ногдол ашиг тараах талаар сэтгүүлчид “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодруулахад “"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд Цагаан сараас өмнө өгөхийг зорино. Нэг иргэнд 116000 орчим төгрөг ногдоно. УИХ-аас батлагдсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5 хувийг эзэмшихээр болж байна" гэж байсан.