Гадаадын иргэний визийн зөвшөөрлийг энэ сарын 30-наас цахимаар олгохоор болжээ
Гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах, шуурхай хүргэх зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн визийн зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгохоор болжээ.
Тодруулбал, өмнө нь визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, зөвшөөрөгдсөн тохиолдолд визийн зөвшөөрлийг цаасан хэлбэрээр хэвлэж, кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээж байсан бол цахим хэлбэрт шилжсэнээр и-мэйл хүлээх шаардлагагүйгээр цахим үйлчилгээний нэгдсэн системд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч цахим визийн зөвшөөрлөө шалгах боломжтой болно.
Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын илгээсэн хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очих ба мэдэгдэл очсоны дараагаар isf.mn цахим үйлчилгээний нэгдсэн системээс уригдагч гадаадын иргэний болон уригчийн мэдээлэл, визийн ангилал, төрөл, визийн хүчинтэй хугацаа, Монгол улсад байх хугацаа, виз олгох газар зэрэг бүх төрлийн мэдээллийг багтаасан QR бүхий цахим визийн зөвшөөрлийг татаж авах боломж бүрдэж байгаа аж.