Ц.АМАРСАНАА: ЗГ-аас бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тул ерөнхий архитекторуудад нэгдсэн ойлголт өгч байна
Барилгын Хөгжлийн төв ТӨҮГ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хөдөө орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд дээр хяналт тавин ажилладаг. Энэ хүрээнд өнөөдөр 2023 оны бүтээн байгуулалтын ажлыг дүгнэх, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээс өмнө төлөвлөлтийг хянах зорилгоор бүх аймгуудын ерөнхий архитектор, газрын харилцаа, хот байгууллалтын газрын дарга, барилгын хэлтсийн дарга нартай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Зөвлөлдөх уулзалтад БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат, Барилгын Хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Дэлгэржаргал, БХТ ТӨҮГ-ын Хот байгуулалт, зураг төслийн институтын эрхлэгч О.Одбаяр болон 21 аймгийн ерөнхий архитектор, газрын харилцаа, хот байгууллалтын газрын дарга, барилгын хэлтсийн дарга нар оролцож байна.
Зөвлөлдөх уулзалтыг нээж Барилга хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа хэлсэн үгэндээ “2023 онд улсын төслийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа өмнөх онуудад эхлүүлсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах, барилгын ажлыг яаравчлах ажлыг хийж байсан. Тэгвэл 2024 онд өмнөх оноос шилжсэн 556, шинээр 493 нийт 1049 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилга байгууламжийг барихдаа төлөвлөлт, зураг төслөөсөө эхлээд ашиглалтад орох хүртэл нь нарийн тооцох хэрэгтэй. Тийм учраас хөдөө орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөрийн төлөвлөлт нь зөв байна уу гэдгийг дахин нягтлах зорилгоор аймгуудын газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга нартай зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Мөн УИХ, Засгийн газраас бүсчилсэн хөгжлийг эрчимжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор бүх аймгийн ерөнхий архитекторуудад нэгдсэн ойлголт өгөх зорилгоор БХБЯ-аас бүс нутаг хөгжлийн чиглэлээр зөвлөлдөх уулзалтыг хийж байна.
Нийт 1049 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 9,2 их наяд төгрөгийг тусгасан. Үүнээс 2024 онд 3,6 их наяд төгрөгийн санхүүжилтээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлнэ” гэдгийг онцоллоо.
БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярбат:
2024 онд БХБ-ын сайдын багцад нийт 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт тусгагдсан. Тус хөрөнгө оруулалтаад 2024-2026 онд барилга, байгууламжийг бүтээн байгуулна. 2024 онд 405 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ажил хийхээр болсон. Үүн дотор нийслэлийн засаг дарга болон орон нутгийн засаг дарга нарт эрх шилжүүлэн хийх ажлууд байгаа. Орон нутагт 29 төсөл арга хэмжээ эрх шилжиж хийгдэж байна. Үүн дотор ус хангамж, ариутгах, татуургын ажил байна.
Ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх ажил эхлээд явж байна. Орон сууцны үндэсний хороог байгуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж ажиллаж байгаа. Мөн Үндэсний орон сууцны санхүүжилтийн нэгдсэн корпорацийг байгуулах шийдвэрийг гаргаж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх тал дээр анхаарал хандуулан явж байна.
Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Т.Ариунболд:
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оныг бүсийн хөгжлийг хөгжүүлэх жил болгон зарласан. Өвөрхангай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд их хийгдэж байна. Манай аймаг нь 19 сумтай бөгөөд сумын төвийн шинэчлэл буюу дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ажил эрчимтэй явж байна. Үүн дээр тулгуурлан нийтийн орон сууц барих ажлууд үе шаттай хийгдэж байна. 2023 онд манай аймагт 153 айлын найман орон сууц ашиглалтад орсон. 2024 онд 240 айлын 11 орон сууц ашиглалтад орно.
Үүнээс гадна Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дэвсгэрт Шинэ Хархорум хот байгуулагдана. Тиймээс 50 гаруй мянган га газрыг тусгай хэрэгцээнд авч, төлөвлөлт хийгдээд явах юм. Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 51 барилга байгууламж, долоон усны барилга байгууламжийг хүлээн авсан. Энэ онд 100 гаруй тэрбум төгрөгөөр сургууль, цэцэрлэг, спорт заал, соёлын төвийн барилгын ажил шинээр эхэлнэ.
Уулзалтын үеэр БХБЯ-ны 2024 оны зорилт, БХТ ТӨҮГ-ын 2024 оны зорилт, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.