“Дашваанжил” ХХК: Цас орсон, давагдашгүй хүчин зүйл болсон. Манай компанийн машин 60 биш 15.4 тонн газ тээвэрлэж явсан
2024.01.23-2024.01.24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан.
Энэ нь “Дашваанжил” ХХК-ийн газыг тээвэрлэж явсан. Өнөөдөр уг асуудлаар “Дашваанжил” ХХК-иас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
"Дашваанжил" ХХК-ийн ерөнхий захирал Н.Баатаржав "Ослын улмаас амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье, эрүүл мэндээрээ хохирсон иргэд хурдан эдгээрэй, биеэ сайн эмчлүүлээрэй.
Манай компанийн жолооч Д.Равдан нь 62 настай, архи, тамхи хэрэглэдэггүй, онц тээвэрчин, шилдэг ажилтан байгаа юм. Гэнэтийн осол гарсанд гүнээ харамсаж байна. Хүмүүст учирсан зовлонг ашиглаж PR хийх гэж санамсаргүй мэдээлэл битгий хийгээрэй гэж хүсье.
Хохирлыг барагдуулахын төлөө ажиллана. Жолоочийн асуудлыг компанийн зүгээс бүрэн хариуцна" гэв.
Тус компанийн Бүс хариуцсан захирал Л.Мөнхжаргал "Осолдсон цистерн машиныг энэ оны нэгдүгээр сард шинээр авсан. Дөрөв дэх удаагийн тээвэрлэлтээ хийж байсан юм. Хот хоорондын тээвэр хийдэг. Осол гарсан өдөр Замын-Үүд рүү 15.7 тонн хийн түлш хүргэхээр явж байсан. 60 тонныг ачиж явсан гэдэг мэдээлэл хаанаас гарсныг мэдэхгүй байна. Жолооч мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй, хийн газ тээвэрлэх сургалтад хамрагдсан.
Хагас жил тутам зөвшөөрлөө авдаг. Хот хоорондын тээвэр хийдэг зөвшөөрөлтэй машин. Хот доторх бол өөр зөвшөөрөд авдаг. Тус машин Замын-Үүд рүү газ тээвэрлэдэг, хотыг нэвтэрч гарч байсан.
Хүний амь эрсэдчихээд байхад өөрийгөө өмгөөлнө гэдэг хамгийн буруу. Манайхыг буруутай гэж хуулийн байгууллага тогтоовол хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бид асуудалд зүрх сэтгэл, нийгмийн хариуцлагаар хандана" гэв.