ТОДРУУЛГА: Дэлбэрэлтэд өртөж түлэгдсэн 3 хүний бие маш хүнд хэвээр байна
Дүнжингаравын замын уулзварт болсон осол дэлбэрэлтийн улмаас 10 гаруй хүн түлэгдэж, гэмтсэн.
Тэгвэл иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-ийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Р.Мөнгөнөөс тодруулахад, " Түлэнхийн төв дээр байсан 10 хүний тав нь Эрчимт эмчилгээний тасагт, тав нь Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бол энгийн тасгаас дахин нэг хүнийг Эрчимтийн тасагт шилжүүлсэн. Одоогоор Түлэнхийн тасагт дөрөв, Эрчимт эмчилгээний тасагт зургаан хүн эмчлүүлж байна.
Энгийн тасагт байгаа хүмүүсийн ерөнхий биеийн байдал дунд зэрэг, 2-3 дугаар зэргийн түлэгдэлттэй. Харин маш хүнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, эмчилгээ үргэлжилж байна. Сошиалд гарч байгаа эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа түлэгдсэн иргэн нас барсан гэдэг ташаа мэдээлэл.
Түлэгдсэн иргэдэд шарх цэвэрлэгээ, боолт, мэс заслын эмчилгээ хийж байна." гэв.
Мөн өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар Түлэнхийн төвд очиж ослын улмаас түлэгдэж гэмтсэн хүмүүсийн биеийн байдал, эмчилгээний явцтай танилцаж, тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Тухайлбал, шаардлагатай байгаа уургийн бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэх санхүүжилтийг шийдвэрлэж, хугацаа алдахгүй худалдан авах нөхцөлөөр хангахаар боллоо.