Жолоодох эрхгүй үедээ жолоо баривал ₮200 мянгаар торгуулдаг байсан бол одоо ₮400 мянгаар торгуулна
УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ сарын 1-нээс уг өөрчлөлтийг мөрдөж эхэлсэн билээ.
Хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд ямар хариуцлага ногдуулах болсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр " Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг. Хуулийн энэ хэсэгт согтуугаар болон жолооны эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах талаар нэмэлт, өөрчлөлт орсон тул иргэд анхаарах хэрэгтэй байгаа юм.
Тодруулбал тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол өмнө нь 200,000 төгрөгөөр торгуулдаг байсан. Тэгвэл одоо 400,000 төгрөгөөр торгуулахаар болсон.
Мөн жолооч, эсхүл жолоодох эрхгүй, эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар болсон.
Хэрвээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээнэ.
Торгуулийг хуульд заасан хугацаанд биелүүлсэн эсэхээс хамаарч хэмжээг нь хөнгөрүүлж, эсхүл нэмэгдүүлж болохоор шинэ зохицуулалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд оруулсан.
Тодруулбал зөрчил үйлдсэн хүн шийтгэлийн хуудсыг гардаж авснаас хойш 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг нь 50 хувиар хөнгөрүүлнэ. Харин дээрх хугацааг хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэхээр болсон.
Мөн тухайн хүний жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлаж, торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нь хязгаарлах арга хэмжээ авна гэж хуульд нэмэлт оруулсан.
Иргэд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийг хуульд заасан хугацаанд нь төлдөггүй тохиолдол нэлээд байгаа. Жишээ нь 2023 оны есдүгээр сарын дүн мэдээгээр 139,969 зөрчилд бэлэн бус хэлбэрээр оноосон 2.9 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй. Энэ нь нийт торгуулийн 84.7 хувь болж байгаа юм.
Тэгэхээр цаашид зөрчил гаргаж, эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол таны төлөх торгуулийн хэмжээ нэмэгдэж, тодорхой эрхүүд тань хязгаарлагдах болсон гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй." гэв.