Автобустай мөргөлдсөн суудлын автомашины хоёр зорчигч амь хохирчээ
Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан зургаадугаар ээлжийн, 25 автобустай хоёр дахь цувааны нэг автобус 167 дахь км заалтад осолджээ.
Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сум "Эрдэнэс тавантолгой уурхайн зам"-д Х.Маяти болон Гранбирд маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж хүний амь хохирсон байна.
Урьдчилсан байдлаар Дорноговь аймагт цуваагаар зорчиж байсан долоон номерын автобус, Альфард маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас суудлын автомашины хоёр зорчигч амь хохирчээ.
Өмнөговь аймагт Х.Маяти тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон харамсалтай, ноцтой осол хэргүүдэд тухайн аймгуудын цагдаагийн газраас шалтгаан нөхцөлийг тогтоох, бусад шалгалтын ажиллагааг явуулж байна.
Орон нутгийн замын нөхцөл байдал цастай, хальтаргаатай, үзэгдэх орчин муу, авто зам болон дугуй барьцалдах чадвар муудсан, зарим үед цаг агаарын байдлаас хамаарч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байхад хурд хэтрүүлэн өөртөө болон бусдад эрсдэл үүсгэх тохиолдол цөөнгүй байна.
Иймд хөдөөгийн замд иргэд, жолооч та бүхэн зорчихдоо өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган, зөвшөөрөгдсөн хурдыг баримталж, гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахдаа бусдад осолтой нөхцөл үүсгэхгүй байх нөхцөл бүрдсэний дараа үйлдэл хийхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлэв.