Д.Цогтбаатар: Торгуулиа төлөхгүй удвал автомашиныг нь хөдөлгөөнд оролцуулахгүй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр /2024.01.19/УИХ-ын намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа.
УИХ-ын намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо нь 16 удаа хуралдаж, 9 хууль, УИХ-ын 11 тогтоолын төслийг батлуулсан байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд нь яаралтай горимоор орж ирсэн тул цаг наргүй ажиллах шаардлага үүсч байсан гэдгийг тэрбээр тодотголоо.
Тэрээр энэ үеэр "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчиж, торгуульчихаад торгуулиа төлөхгүй удаан явдаг байсныг зогсоох чиглэлээр тодорхой зохицуулалт тусгасан.
Тухайлбал, торгуулиа хугацаанаасаа өмнө төлбөл торгуулийг нь 50 хувиар хөнгөлнө, хугацаандаа төлбөл торгуулийн хэмжээ хэвэндээ байна. Торгуулиа төлөхгүй хойшлуулж удаашруулбал торгууль нь 50 хувиар нэмэгдэнэ.
Торгуулиа төлөхгүй хойшлуулаад яваад байвал тээврийн хэрэгслийг нь хөдөлгөөнд оролцуулахгүй хязгаарлах заалт оруулж өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орууллаа. Юм л бол иргэдийг барьж хорьж, мөрдөн байцааж хэргийг шийддэг байсанд хязгаарлалт тавилаа. Хорих ялгүй гэмт хэргүүд дээр аль болох хойшлуулшгүй арга хэмжээ авахгүй байх шалгуурыг тавилаа. Хорих ялтай дээр газар дээрээ баригдсан, гэрч заасан тохиолдолд, гэхдээ ямар ч тохиолдолд шүүхийн хяналтад оруулж, баривчлах арга хэмжээ авахыг зааж өгсөн. Хэрэгтэн газар дээрээ баригдсан байлаа гэхэд 24 цагийн дотор прокурор хэргийг хянан үзээд, шүүхийн хяналтад оруулна." хэмээлээ.