Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах арван албан тушаалтныг сонгон шалгаруулж, томилно
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны тухай, Цагдаагийн албан тухай, Дотоодын цэргийн тухай зэрэг хуульд заасныг баримтлан нийт алба хаагчдад нээлттэй байдлаар зар мэдээлэл танилцуулж, хэлтэс, тасгийн даргын 10 сул орон тоонд нийт 36 алба хаагч бүртгүүлж, тусгай шалгалтад хамрагдаж байна.
Тодруулбал:
- Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга
- Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс
- Төв, Хэнтий аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг
- Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасаг
- Баянхонгор аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг
- Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасаг
- Дорнод аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг
- Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга нарын сонгон шалгаруулалтыг энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа юм.
Албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагаас гадна “Хууль, эрх зүй, бодлогын баримт бичиг”, “Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар”, “Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар”, “Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвар”-ыг шалгах төрлөөр бодлого, тест, ярилцлага хэлбэрээр шалгалт авч байна.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулж, зарласан албан тушаалд өрсөлдөж, хамгийн өндөр оноо авсан алба хаагчийг томилно.
Цаашид удирдах ажилтны сул орон тоонд хууль, журамд заасныг баримтлан ерөнхий болон тусгай шаардлага хангасан алба хаагчдыг нээлттэй өрсөлдүүлэн зохион байгуулж байх бодлого баримтлан ажиллаж байна.
Эх сурвалж: ЦЕГ