Т.Бадамжунайгийн хэргийг “...Шүүх үү, дахиад мөрдөх үү” гэдгийг Нийслэлийн шүүх шийднэ
УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг төрийн өндөр албан тушаалуудыг хашиж явсан, бас МАН-ын хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг байсан Т.Бадамжунайг өнгөрсөн хавар Филиппин улсаас сүр дуулиантайгаар баривчилж авчирсан. Авчраад цагдан хорьсон. Мөрдөгчид, прокурорууд түүнийг “...2000-2004 онд Улаанбаатар хотын менежер, 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байхдаа албан тушаалын нэр хүнд, эрх нөлөөг урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, мөнгө угаасан.
Тухайлбал, 2018 онд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн байгууламжийн менежментийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр хахууль өгөгч хуулийн этгээдийг шалгаруулах үйл явцад өөрт давуу байдал бий болгох, ашиг сонирхлын үүднээс бусдад хахууль зуучилж, хахуулийн мөнгийг өөртөө ашиглан мөнгө угаасан.
УБДС төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал асан, УБЦТС төрийн өмчит компанийн захирал асан нарт хууль бусаар нөлөөлж, нэр бүхий компанид техникийн нөхцөл батлуулах, дулаан дамжуулах төвийг аялал жуулчлалын цогцолбор газарт байгуулсны хариуд өөрийн хамаарал бүхий нэр дээр амины орон сууц шилжүүлэн авсан байж болзошгүй” зэрэг асуудалд буруутгаж буй тухай мэдээллийг эх сурвалжууд түгээсэн. Мөн “...НПГ-аас Т.Бадамжунайд Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан” гэж шүүхээс мэдээлсэн. НПГ-аас өнгөрсөн намар ийм яллах дүгнэлттэйгээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэг тус шүүхийн шүүгч Б.Дуламсүрэнд хуваарилагдсан.
Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Т.Бадамжунайгийн бие муудсанаас болж долоо хоног хойшлоод, 2023 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр болсон. Шүүгч Б.Дуламсүрэн шүүх хуралдааныг хаалттай явуулж, улмаар нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн.
Үүнийгээ “...Хэргийн оролцогч нараас хэрэгт нотлох баримтаар авагдсан материалууд дунд Төрийн нууцтай холбоотой материал байгаа тул урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлтэй байна гэсний дагуу ингэж шийдсэн” хэмээсэн. Түүнчлэн прокурорт буцаасан үндэслэлээ “...Шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг явуулж оролцогч нараас гаргасан хүсэлтийг хэлэлцэж хэрэгт авагдсан баримтуудтай танилцан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дуглгэнэ” аар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...Хэргийг буруу тусгаарласан”, 1.2-т заасан “...Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр прокурорт буцаалаа” гэсэн. Энэхүү урьдчилсан хэлэлцүүлгийн хаалттай шүүх хурлаар “...Хэрэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийгэсэн нь хууль зүйн талаасаа “...Хэргийн нөхцөл байдлыг тогтооход хэргийн зүйлчлэл хүндрэх нөхцөл гардаг. Ийм тохиолдолд хэргийг мөрдөн байцаалтад зайлшгүй буцаах үндэслэл бий болдог. Мөн нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн алдаа байвал, түүнийг зөвтгөхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй учраас хавтаст хэргийг шүүх хуралдаанаас буцаадаг” гэсэн тайлбартай. Харин анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг прокурор эсэргүүцжээ. Прокурор “...Хэрэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэсэн эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд бичжээ. Үүнийг давж заалдах шатны шүүх ойрын үед “нягтлах” гэж байна. Өөрөөр хэлбэл, Т.Бадамжунайгийн хэргийг “...Шүүх үү, дахиад мөрдөх үү” гэдгийг Нийслэлийн шүүх шийдэх юм.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин