Нэг дор 200 хүн гулгах мөсөн гулсуур бүтээж Гиннесийн амжилт тогтооно

2024 оны 1 сарын 12

Arslan.mn

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хэвлэлийн бага хурал хийж, цаг үеийн мэдээлэл өглөө.

Манай улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, идэвхтэй ажилсны үр дүнд 650 гаруй мянган жуулчин хүлээн аваад байна. Хэдийгээр 2019 оны жуулчдын тооны үзүүлэлтийг давсан хэдий ч Монгол орны газарзүйн байрлал, байгаль цаг уурын онцлогоос хамаараад жилийн тодорхой хугацаанд буюу өвлийн улиралд ирэх жуулчдын урсгал буурдаг гэлээ.

БОАЖЯ-аас улирлын хамаарлыг бууруулах, өвлийн улирлыг уртасгах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал “Мазаалай” олон улсын цас мөсний наадмыг зохион байгуулах, цас мөсөн хотхон байгуулж Монголын ирээдүйн хамгийн том өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, дэлхийн хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуурыг бүтээж, Гиннесийн амжилт тогтоохоор байгууллага, уран бүтээлчидтэйгээ хамтран ажиллах юм байна.

"Мазаалай" цас мөсний олон улсын наадам нь Скай Резорт цанын баазын талбайд болох бөгөөд наадмын талбайд 2023 онд бүртгэгдсэн 52 мазаалай, мөсөн гулгалтын талбай, 50 метрийн урттай мөсөн гулсуур болон Гиннесийн дээд амжилтыг Монгол Улсаас тогтоох 12м өргөнтэй 22м урттай нэг цагт хамгийн олон хүн гулгах мөсөн гулсуур, 56.4 метр урттай Монгол цас мөсөн баримал байрлах юм.

Цас, мөсөн цогцолбор байгуулж жуулчдын урсгалыг татаж буй олон жишээ байна. Жишээлбэл, Харбины мөсөн цогцолбор. Мөн олон улсын цас мөсөн урлалын тэмцээнүүдэд монголын уран бүтээлчид үргэлж дээгүүр байр эзэлсэн амжилттай байгаа аж. Эх орондоо бүтээлээ хийж, эх орныхоо болон уран бүтээлчдийнхээ нэрийг гаргах нөхцөл бололцоог бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Гиннесийн амжилт тогтоох бүтээл нь нэг дор 200 хүн гулгах боломжийг бий болгох мөсөн гулсуурыг уран бүтээлчид бий болгож байгаа гэв.

Мазаалай мөсөн цогцолборыг бий болгосноор дотоодын амрагч иргэд, жуулчид өвлийн амралтаараа гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ цагийг зөв боловсон, сонирхолтой өнгөрүүлэх, цаашид жил бүр хийж, тогтмолжуулснаар гадаадын жуулчид өвлийн улирлыг Монгол улсад л мэдрэх боломжийг бүрдүүлэх, уран бүтээлчдээ дэмжих арга хэмжээ болгон өргөжүүлнэ.

Мазаалай мөсөн хотхоны нээлтийг нэгдүгээр сарын 14-ний өдөр хийх бөгөөд олон төрлийн урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулагдахаас гадна иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллана гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653984
0 эможи

keyboard_arrow_up