“УБТЗ“ ХНН: Тяньжин боомтод байгаа импортын чингэлгийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулж байна
Тяньжин боомтод байгаа импортын чингэлэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор УБТЗ-ын зүгээс Тяньжин боомтоос Монгол Улсыг чиглэсэн импортын чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Хятадын төмөр замд тавьснаар Хятадын тал хоногт 1.5 галт тэрэг Тяньжин-Эрээн өртөө хооронд аялуулдаг байсныг хоногт 3-4 галт тэрэг аялуулж байна.
Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөний нарийн царигаар орж ирсэн импортын чингэлгийг өргөн царигийн галт тэргэнд шилжүүлэн ачиж шуурхай тээвэрлэн Улаанбаатар хотын терминалуудад буулгах ажлыг УБТЗ зохион байгуулж байгаа юм.
2023 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар Тяньжин боомтод Монгол Улс руу илгээх 3,921 чингэлэг ачаа байсан бол өнөөдрийн байдлаар 2,926 болж 25 хувиар багасжээ.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн талбайд нийтдээ 677 чингэлэг байгаагийн 500 нь хуучин автомашинтай чингэлгүүд юм. Мөн Улаанбаатар хотын терминалуудад өнөөдрийн байдлаар 1,935 чингэлэг байгаагаас 1,200 нь ачаатай чингэлэг байна.
Импортын чингэлгийг шуурхай тээвэрлэх, хүлээн авагчдад нь түргэн шуурхай олгох ажлыг УБТЗ-ын зүгээс терминалууд болон Гаалийн Ерөнхий газартай хамтран зохион байгуулж байгаа аж. Эдгээр байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна.
Эх сурвалж: "УБТЗ" ХНН