Бэлчээрт байсан нэг үхрийг нядалж, тээвэрлэсэн этгээдэд нэг жилийн хорих ял оноож, автомашиныг нь улсын орлого болгожээ
Бэлчээрт байсан бусдын үхрийг нядалж, тээвэрлэсэн этгээдэд шүүхээс нэг жилийн хорих ял оноож, автомашиныг нь улсын орлого болгосон байна.
Тодруулбал,Г гэгч нь Ховд аймгийн ... сумын нутаг дэвсгэр Голын адаг гэх газарт 2023 оны арваннэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө бэлчээрт байсан бусдын алаг халзан зүсмийн нэг тооны үхрийг хулгайлан нядалж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогдсон байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б-д нэг тооны үхэр буюу 750 мянган төгрөгийн хохирол учирчээ. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь цагдаагийн газраас 174 кг үхрийн мах хүлээж авсан бөгөөд Г нь хохирогчид 3 сая төгрөг өгч, уучлалт гуйсан байна. Тиймээс хохирогч шүүх хуралдаанд "Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй" гэдгээ хэлсэн байна.
Харин Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г-г мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн үзэж, нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн шүүгдэгч Г-ын эзэмшлийн Тоёото Приус-20 маркийн 10,6 сая төгрөгний үнэлгээтэй тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.