ЭМГЭНЭЛ: Ныгметийн Даниэль (1934 -2024)

2024 оны 1 сарын 09

ЭМГЭНЭЛ
НЫГМЕТ ОВОГТОЙ ДАНИЭЛЬ
(1934 – 2024)

Arslan.mnМонгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Уул уурхайн салбарын шилдэг инженер Ныгмет овогтой Даниэль 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзэж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз, хагацал тохиолоо.

Н.Даниэль 1934 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төрсөн. 1957 онд Нийслэлийн 2-р арван жилийн сургууль, 1963 онд Москва хотын Алт ба өнгөт металлын дээд сургуулийг уулын баяжуулагч инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд ажлын гараагаа Төв аймгийн Их хайрханы Гянт болдын гүний уурхайд фабрикийн инженерээр эхэлж, улмаар уурхайн даргаар ажиллаж байгаад 1967-1974 онд Түлш–Эрчим хүч, Геологи уул уурхайн яаманд өнгөт металлын ахлах инженерээр ажиллажээ.

Яаманд ажиллаж байх хугацаандаа Сэлэнгэ аймгийн нутаг дахь Толгойтын алтны үйлдвэр, Дорноговь аймгийн нутаг дахь Хажуу-Улаан, Хар Айрагийн уурхайнуудыг шинээр барьж байгуулах, мөн Бороо, Наран толгойн алт мөнгөний орд, Эрдэнэтийн орд газрыг ашиглах техник эдийн засгийн тооцоо судалгааг хийж, Монгол-Зөвлөлтийн хамтарсан “Монголсовцветмет” нэгдлийг байгуулах зэрэг онцгой ач холбогдолтой томоохон асуудлуудыг шийдвэрлэн зохицуулах, удирдан зохион байгуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. 

Ныгметийн Даниэль 1974 оноос “Монголсовцветмет” нэгдлийн харьяа Бэрхийн хайлуур жоншны уурхайн даргаар томилогдон ажиллаж, Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн хамт Бэрхийн уурхайн өргөтгөл шинэчлэлийг хийх, уурхайн ажиллагсдад зориулсан орон сууц, соёл үйлчилгээ, ахуй хангамжийн бүхэл бүтэн хорооллыг шинээр байгуулах ажлыг удирдан зохион байгуулж ажилласан бөгөөд 1997 оноос “Монголросцветмет” нэгдлийн дэргэдэх “Байгаль” туслах аж ахуйн даргаар ажиллаж байгаад 2003 онд өндөр настны тэтгэвэрт гарсан.

Ныгметийн Даниэль нь Бэрхийн уурхайг үйлдвэрлэл, санхүүгийн хувьд бэхжүүлэх, хөл дээр нь босгох үйлсэд онцгой гавьяа байгуулсан нэгэн бөгөөд үүний зэрэгцээ Хэнтий аймгийн Ардын хурлын депутатаар 3 удаа сонгогдож, Бэрхийн хорооны болон Хэнтий аймгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Түүний уул уурхайн салбарт 40 жил үр бүтээлтэй, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, улс нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсныг Монгол Улсын төр, засгаас өндөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, ойн медалиуд болон 2013 онд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнажээ. 

Талийгаачийн бүтээлч, хөдөлмөрч зан чанар, хүнлэг нөхөрсөг, гэгээн дүр төрх бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. 

Н.Даниэль агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан байх болтугай.
“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ
“Монголросцветмет” ТӨҮГ-ын АХМАДЫН ХОРОО

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
653899
4 эможи

Монголросцветмет

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up