Г.Сарангэрэлд гурав дахь удаагаа хорих ЯЛ ШИЙТГЭЛЭЭ
Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийг 2021 оны гуравдугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд гурав дахь удаагаа баривчилж байв. Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирээд баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч уг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан. Гэсэн ч удалгүй олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн мансууруулах бодис хүлээн аваад “Блью скай” орчимд саатуулагдаж байсан юм. Гэвч шүүхээс түүнийг цагаатгаж, харин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан, ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Ингэхдээ Г.Сарангэрэлийг хамт яллагдагчаар татсан байдаг.
Тэдэнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг өнгөрсөн мягмар гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ. Г.Сарангэрэлийг төрийн нууц задруулсан гэж буруутгасан бол Ж.Эрдэнэ-Ундрахыг уг зүйл заалтаас гадна Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн хэмээн яллагдагчаар тооцсон аж.
Шүүхээс Г.Сарангэрэлийг Эрүүгийн хуулийн 19.12-2 дахь хэсэгт заасан төрийн онц чухал нууцыг задруулсан гэм буруутайд тооцож, хоёр жил зургаан сар хорих ял шийтгэлээ. Харин Ж.Эрдэнэ-Ундрахыг уг зүйл заалтад заасан гэм буруутай үйлдэлд нь хоёр жил хорих, мөн хуулийн 21.13-1 дэх хэсгийн “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” хэрэгт нь 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Ингэснээр Г.Сарангэрэл гурав дахь удаагаа хорих ял шийтгүүлж буй юм.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин