СХД-т хувиараа такси үйлчилгээнд явдаг жолооч нарын дунд “Хариуцлагатай жолооч“ тэмцээнийг зохион байгууллаа
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайгаас хамтран хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Бидний ирээдүй - Бидний хариуцлага" аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдөр тус аяны хаалтыг хийж СХД-т хуваариа такси үйлчилгээнд явдаг жолооч нарын дунд "Хариуцлагатай жолооч" тэмцээнийг зохион байгууллаа.
Өнгөрсөн жилийн хувьд тус арга хэмжээг зохион байгуулснаар зам тээврийн осол 78 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан юм.
Тэмцээний үйл ажллагааг нээж, СХД-ийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Г.Батзаяа хэлсэн үгэндээ "Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарын санаачилгаар өнгөрсөн жил замын цагдаа, дотоодын цэргийн 05 дугаар ангитай хамтран "Бидний ирээдүй - бидний хариуцлага" аяныг амжилттай зохион байгуулсан. Гурван сарын аяныг үр дүн маш өндөр гарсан. Энэ жил бид аянаа үргэлжлүүлэн илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулж байна. Энэ хүрээнд бид цэцэрлэг, ЕБС-ын бага ангийн хүүхдүүдийн дунд "Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээнийг зохион байгуулсан. Мөн хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор СХД-ийн 27 сургуулийн орчимд лед гэрлэн гарцыг байршуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд үргэлжлүүлэн 2024 онд бүх сургуулийн ойр орчмыг гэрлэн гарцтай болгоно.
Үүнээс гадна бид өнөөдөр хуваариа такси эрхэлдэг иргэдийн дунд "Хариуцлагатай жолооч"-ийг зохион байгуулж байна. Хуваариа такси эрхлэгч нарыг бүртгэлжүүлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах, тээврийн хэрэгслийн аюулгүй бүрэн бүтэн байдлыг шалгах, иргэдэд соёлтой үйлчилгээг үзүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж байна." хэмээлээ.
Мөн тэмцээнийг шүүн СХД-ийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Мөнх-Ундрал энэ үеэр "СХД-ийн ИТХ, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Замын цагдаагийн хэлтэс хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хуваариа такси эрхлэгч нарыг бүртгэлжүүлэх зорилгоор "Хариуцлагатай жолооч" тэмцээнийг дүүргийн 43 хороонд үйл ажиллагаагаа явуулдаг таксины жолооч, хоршоодын дунд зохион байгуулж байна." гэдгийг онцолж байлаа.
Тэмцээн нь дүрмийн болон жолоодлогын гэсэн хоёр төрлөөр явагдаж, шилдэгүүдээ шалгаруулсан юм.