Сураггүй алга болоод байсан 7 настай хүүг “Б“ гэгч зам тээврийн ослоор хөнөөсөн гэж тогтоожээ
7 настай хүү С Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг "Бөмбөгтэй хөшөө"-ний ойролцоох гэрээсээ энэ оны есдүгээр сарын 25-ны өдөр /2023.09.25/ орой гараад сураггүй алга болж, гурван хоногийн дараа Хэрлэн голын орчимд нас барсан байдалтай олдсон бөгөөд хүүгийн үхлийн шалтгаан тодорхой болоогүй байсан.
Тэгвэл тус хэрэг саяхан Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгджээ.
Тодруулбал, шүүхээс сураггүй алга болоод байсан 7 настай хүүг зам тээврийн ослын улмаас амь насыг нь хөнөөсөн хэмээн Б гэгчид 7.6 жилийн хорих ял оноож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 6 жил хассан байна.
Хэргийг эргэн сануулахад, тухайн хэрэг гарах үед “С хүүгийн амьдардаг гэрийн ойролцоох камерт хойд аав нь байж болзошгүй нэгэн эрэгтэй С хүүтэй хамт тээврийн хэрэгсэлд сууж байгаа нь үлдсэн талаар мэдээлэл гараад байсан. Иймд цагдаагийн байгууллагаас С хүүгийн үхэлд холбогдуулан 34 настай “Б” гэгчийг шалгаж байна" байсан билээ.