“Та татгалз“ аяны хүрээнд оюутан, залуусын дунд зохион байгуулсан тэмцээний ШИЛДГҮҮД тодорлоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 43 дугаар зарлигийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэн, аж ахуй нэгж, байгууллагад архи согтууруулах ундааны буруу хэрэглээ, хор уршгийг таниулах иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, зөв хандлагыг бий болгох зорилгоор ХЗДХЯ, ЦЕГ, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн хамтран "ТА ТАТГАЛЗ" арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр тус арга хэмжээний хүрээнд оюутан, залуусын дунд зохион байгуулсан тэмцээний шилдгүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, “Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн, Монголын оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга н.Мягмарсүх болон тэмцээнд шагналт байр эзэлсэн оюутан залуус, бусад оролцогчид оролцлоо.
"Оюутан залуусын бүтээлүүдээс нэг ч гэсэн иргэн ухаарал авч, архинаас татгалзвал бидний зорилго биелж байгаагийн илрэл"
Энэ үеэр Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын дэд дарга Б.Оюутболд хэлсэн үгэндээ "Цагдаагийн байгууллага нь иргэн бүрийг эрүүл, аюулгүй, амар тайван байх эрхийг хангахын төлөө ажиллаж, арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнө "Намайг алгас" нөлөөллийн аяныг зохион байгуулж байсан бөгөөд энэ аяны үргэлжлэл "Та-татгалз" арга хэмжээг мөн зохион байгуулсан. Энэ удаагийн арга хэмжээг оюутан залуучууд болон согтууруулах ундааны хамааралтай зорилтод бүлэгт чиглэсэн байдлаар зохион явуулсан.
Оюутан залуус "Та татгалз" аяны хүрээнд маш олон ухаарал хайрлах, урам өгөх видео, постеруудыг хийж ирүүлсэн нь харагдаж байна. Энэ бүтээлүүдээс нэг ч гэсэн иргэн ухаарал авч, архинаас татгалзвал бидний зорилго биелж байгаагийн илрэл.
Хууль сахиулах чиг үүрэгтэй ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нь олон нийтийн оролцоотой байж үр дүнд хүрдэг. Тиймээс та бүхний оролцоо нэг ч гэсэн гэмт хэргийг таслан зогсооход маш чухал үүрэгтэй гэдгийг онцолмоор байна.
"Бид архи хэрэглүүлэхгүй" гэж хясан боогдуулахаасаа илүүтэй зөв, зохистой хэрэглээг сурталчлах нь бас чухал гэдгийг үр дүнгээс харсан. Өнгөрсөн зун Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон маш олон тоглолтын үеэр архинаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчил нэг ч удаа бүртгэгдээгүй. Үүнээс харахад залуучуудын ухамсар, сэтгэлгээ маш өөр болсныг харуулсан. Та бүхэнд амжилт хүсье." гэдгийг онцоллоо.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "Цагдаагийн байгууллагаас архинаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины зохисгүй хэрэглээг бууруулах, оюутан залуучуудыг архинаас хамаарлаас хол байлгах зэрэг тодорхой зорилтот бүлэг рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд сүүлийн 3 жилийн хугацаанд ЦЕГ-аас томоохон аянуудыг зохион байгуулсан. Үүний нэг болох “Намайг алгас“ аяны хүрээнд хийгдсэн контентууд сошиал орчинд 67.5 сая хүнд хүрсэн үр дүнтэй байна.
Энэ удаагийн “Та татгалз” арга хэмжээг сошиал орчинд мэдээлэл түгээхээс гадна зорилтот бүлэг чиглүүлэн ажилласан. Энэ хүрээнд оюутан, залуучуудын дунд мэтгэлцээн, зурагт хуудас, видеоны уралдаануудыг зарлаж, танилцуулсан.
Тус уралдаан, тэмцээнүүдийыг оюутаны холбоод, оюутан залуучууд эергээр хүлээн авч, бидний үйл ажиллагаанд идэвхтэй оролцсонд ажлын хэсгийн зүгээс талархаж байгаагаа илэрхийлье." гэв.