УБЦТС: Цахилгаан салгах эсэхийг урьдчилан зарлах боломжгүй, 17-22 цагийн хооронд шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаарай
Айл өрхийн цахилгаан эрчим хүчийг урьдчилан мэдэгдэхгүйгээр хязгаарлалт хийх болсонд иргэд гомдолтой байгаа. Сүүлийн өдрүүдэд цахилгааны хязгаарлалтыг өглөө, орой байхаас үл хамаарч 1-2 цагаар хийж байна. Энэ байдалдаа УБЦТС ТӨХК тайлбар мэдээлэл гаргасан.
Тодруулбал "Эрчим хүчний системийн оргил ачаалал 1632 МегаВаттад хүрсэн нь өмнөх жилийнхээс 220 МегаВаттаар өссөн дүн юм. Энэхүү хэрэглээний өсөлт нь манай улсын дулааны гуравдугаар цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлээс 20 гаруй хувиар давсан үзүүлэлт. Эрчим хүчээр бүрэн хангаж чадахгүй нөхцөл үүсэхэд эрчим хүчний системийг бүхэлд нь унагахаас сэргийлж цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Мөн хүйтэрч байгаагаас шалтгаалан гэмтэл гарч байгааг тухай бүрт нь засварлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд тасралтгүй горимоор ажиллаж байна.
Хэрэглэгч та бүхнийг урьдчилан зарлах боломжгүй энэхүү нөхцөл байдлыг ойлгож, нэн ялангуяа оройн 17-22 цагийн хооронд заавал ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслээ салгаж, өвлийн оргил ачааллыг давахад дэмжлэг болохыг хүсэж байна" гэлээ.