Хар тамхитай тэмцэх газар энэ онд 214 гэмт хэргийг илрүүлж, 15 нэр төрлийн мансууруулах бодисыг хэрэглээг ТАСЛАН ЗОГСООЖЭЭ
Өчигдөр Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар 2023 оны ажлаа дүгнэж, тэргүүний алба хаагчдаа шалгарууллаа.
Тус газраас энэ онд 214 гэмт хэргийг илрүүлж, 15 нэр төрлийн мансууруулах бодисыг ХУРААН авсан байна.
Энэ талаар Хар тамхитай тэмцэх газрын дарга, Цагдаагийн хурандаа Г.Давааням хэлсэн үгэндээ: “2023 онд бид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон талт арга хэмжээг тасралтгүй зохион байгуулан ажиллалаа. Ингэснээр мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлын тархацыг 3 аймагт бүрэн устгасан.
Мөн 286 хүнд холбогдох 214 гэмт хэргийг илрүүлж, 15 нэр төрлийн 75,012 хэрэглэгч нэг удаа хэрэглэх мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хураан авч хууль бус хэрэглээг таслан зогсоосон бол, метамфетамины төрлийн хураагдсан мансууруулах бодис өнгөрсөн онтой харьцуулахад 7 дахин өссөн зэрэг эерэг үзүүлэлт гарсныг онцолжээ.
2022 онд мансууруулах, сэтгэцэд нөлөөт болон өвчин намдаах үйлчилгээтэй эмийг урвуулан хэрэглэсний улмаас 9 иргэний амь хохирч байсан бол энэ онд хяналт шалгалт, сургалт нөлөөллийн ажлыг үр дүнтэй зохион байгуулсанаар амь хохирсон тохиолдол бүртгэгдээгүй байна.
Шинэ ондоо дүн шинжилгээ, судалгаанд суурилсан шинэлэг арга барилаар ажиллаж, улс үндэстэн, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах эрхэм үүргээ нэр төртэй гүйцэтгэж ажиллана гэдэгт итгэл төгс байна." гэдгийг энэ үеэр онцоллоо.