+18 сайт руу нэвтэрч, нууц үгээ алдаад ХОХИРЧЭЭ
Иргэн Э хөдөө орон нутагт ажлаар явж байхад хамт байсан найз нь “... интернэт рүү орж гар утсаар чинь кино үзэж байгаад өгье” гэсэн гуйлтынх нь дагуу түүнд гар утсаа өгчээ. Найз нь түүний гар утсаар “+18” гэсэн сайт руу нэвтрэх явцад “Та зөвхөн гар утасныхаа дугаараараа бүртгүүлж энэ сайт руу орно уу” гэсэн мэдээлэл иржээ. Улмаар гар утасны эзний дугаарыг бүртгэлд оруулснаар удалгүй түүний фэйсбүүк хаяг блоклогдож, тэрээр фэйсбүүкийн чат руу нэвтэрч чадахаа больсон байна.
Улмаар фэйсбүүкийг нь хакердсан Б уг хаягаар нэвтэрч Э-ийн найзууд буюу танил хүмүүс рүү нь “түр мөнгө зээлээч” гэсэн агуулгатай захидал илгээж, 3 хүнээс нийт 330 мянган төгрөг авч залилжээ.
Иймд Б-г “кибер орчинд хууль бусаар халдаж, мэдээллийг өөрчилж, ашиглах боломжгүй болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, “цахим хэрэгсэл ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүхээс шүүгдэгч С.Б-т ял оногдуулахдаа “... би ажил хийдэг, мөн ирэх намраас сургуульдаа сурах хүсэлтэй байгаа тул надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг нь, түүнчлэн бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсныг нь харгалзан түүнд торгох ял оногдуулав.
Эх сурвалж: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх