ЖДҮХС-гийн захирал асан Б.Баттүвшинд 5.8 саяар ТОРГОХ ЯЛ шийтгэв
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин болон Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарт холбогдох, албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн өчигдөр /2023.12.18/ ял шийтгэл ногдуулжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Баттүвшинг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцож, 20 сая төгрөг гаргуулж, дээрх санд олгуулах, нийтийн албанд ажиллах эрхийг оёр жил хасан, 5.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ.
Мөн гэмт хэргийн улмаас ЖДҮХС-д учирсан 1.1 тэрбум гаруй төгрөгийг иргэний хариуцагч буюу “Онгиболд”, “Эрдэнэбулган” ХХК-иас гаргуулахаар болсон байна.
Харин Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарын мөнгө угаасан үйлдлийнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн аж.
Хэргийг эргийн сануулахад, Б.Баттүвшин нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ш.Эрдэнэболдын үүсгэн байгуулсан “Онгиболд” компаниар дамжуулан зээл авах шаардлага хангаагүй “Монгол фермер” төслийг сонгон шалгаруулах хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжиж, дээрх төсөлд 1,550,000,000 төгрөгийн санхүүжилтийг шилжүүлэн авч, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нартай бүлэглэн уг мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэгт холбогджээ. Тиймээс НПГ-аас Б.Баттүвшин, Ш.Эрдэнэболд, Х.Түмэн нарт мөнгө угаасан, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Гэвч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Баттүвшин, Х.Түмэн, Ш.Эрдэнэболд нарыг цагаатгасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх эвээр нь баталсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн цагаатгах тогтоол, магадлалыг эс зөвшөөрсөн прокурорууд Улсын дээд шүүхэд эсэргүүцэл бичсэнээр өнгөрсөн гуравдугаар сард хянаад, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон юм.