Гаалийн байгууллага “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн гэрчилгээ“-г АНХ УДАА олголоо
Монгол улсын гаалийн байгууллага 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Гаалийн Итгэмжлэгдсэн Аж Ахуйн Нэгжийн гэрчилгээг анх удаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -т олголоо.
Гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй Гаалийн Итгэмжлэгдсэн Аж Ахуйн Нэгжийн (ГИААН) хөтөлбөр нь худалдааны аюулгүй байдлыг хангах, гадаад худалдаанд оролцогчдын хууль сахилтыг дэмжих, гааль-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ач холбогдолтой бөгөөд олон улсын худалдааны бараа нийлүүлэх сүлжээний аюулгүй байдлын 4 бүлэг шалгуурыг хангасан байхыг шаарддаг. Энэ утгаараа Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээрийг байгуулсан оронд бараанд хийх шалгалтаас чөлөөлөх, худалдааг хөнгөвчлөх чиглэлээр маш олон хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой.
ГИААН-ийн хөтөлбөр нь зөвхөн үндэсний хэмжээний хөтөлбөр биш. Монголын гаалийн байгууллага 2019 онд БНХАУ болон БНСУ-ын гаалийн байгууллагатай ГИААН-ийн Харилцан Хүлээн Зөвшөөрөх Хэлэлцээр байгуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь ГИААН болсноор олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, БНХАУ, БНСУ болон бусад улс орны гаалийн байгууллагын худалдааны хөнгөлөлтийг эдлэнэ.
Өнөөдөр дэлхий дээр нийт гадаад худалдааны 80 орчим хувь нь Гаалийн Итгэмжлэгдсэн Аж Ахуйн Нэгжүүдийн хооронд хийгдэж байна (Дэлхийн гаалийн байгууллагын статистик мэдээлэл). Монгол Улс Дэлхийн Гаалийн Байгууллагын гишүүн орны хувьд энэ тойргын гадна үлдэх ёсгүй.