Сурагчийг үл ялих зүйлээр шалтаглан зодсон хүүхдэд хуулийн ХАРИУЦЛАГА хүлээлгэв
Өсвөр насны Е сурагч Ж-г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.
Прокуророос Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх бөгөөд Е нь гэмт хэрэгт холбогдох үедээ 17 настай байжээ.
Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Наймдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба өсвөр насны хүнд оногдуулах ялын төрлийг “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах”, “сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих” ял оногдуулахаар тогтоосон байна.
Шүүхээс Е-г сурагч Ж-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэв. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх