ЗГХА ОЙН ГАЗАР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штаб болон ЗГХА Ойн газар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Талуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудаас дурдвал:
Монгол Улсын Засгийн Газар, яам, агентлаг, аймаг, орон нутгийн засаг захиргаа, иргэн, аж ахуй нэгж, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй ойн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.
Мөн мод үржүүлгийн газар байгуулах төсөл, зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудад ногоон хотхон байгуулах, агро-ойжуулалтыг хөгжүүлэх төсөл, хот хоорондын авто замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл, зэвсэгт хүчний алба хаагчдыг амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл, заган ойг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх төсөл, зэвсэгт хүчний алба хаагчдад агро-экологийн мэдлэг олгох, экологийн сургагч багш бэлтгэх төсөл, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах, орчны усан хангамжийн хүрэлцээг нэмэгдүүлнэ.
Түүнчлэн хүрээлэн буй орчмын нутаг дэвсгэрийн хөрс, цаг уур, мод, бутлаг ургамлын тархцын судалгааг хамтран хийж, ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах юм.