БНХАУ-ЫН НИНШЯ ӨЗО-НЫ МОД ҮРЖҮҮЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД АЖИЛЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д албан айлчлал хийж, Ниншя Хуйн ӨЗО-ны ой мод бэлчээр, цөлжилтийн асуудлаар мэргэшсэн багийг Баянхонгор аймагт ажиллаж, судалгаа хийх, туршлага хуваалцан арга зүйн зөвөлгөө өгүүлэх асуудлаар тус орны удирдлагуудад санал тавьсан билээ. Энэхүү хүсэлтийн дагуу Ниншя Хуй ӨЗО-ны Гадаад харилцааны газрын дэд захирал Жан Ливейгээр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид манай аймагт 2023 оны 11 дүгээр сарын 24-30-ны өдрүүдэд ажиллалаа.
Улсын хэмжээнд 2022 оноос хойш 42 сая орчим мод тарьсан. Тарьц ургацын нөөц 4-5 дахин нэмэгдсэн бол Баянхонгор аймаг тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарихаар төлөвлөсөн бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд 22 мянган мод тарьж, 600 кг үрийн нөөц бүрдүүлээд байна. Манай аймагт өнгөрсөн 6,7 дугаар сард Хятад улсаас 30 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, ой, тал хээрийн судалгааг хийгээд байгаа юм.
Баянхонгор аймгийн эко байдал, хөрсний бүтэц, ямар ургамал тарих боломжтойг судлах, орон нутгийн температур, хур тунадасын хэмжээ гэх мэт датад суурилж тарихад тохиромтой ургамал модыг санал болгох зорилготой Ниншя Хуйн ӨЗО-ны төлөөлөгчид айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Г.Бумцэнд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү нартай Гадаад харилцааны яаманд уулзалт хийсэн бол дараа өдөр нь Баянхонгор аймагт ирж Засаг дарга Д.Мөнхсайхан тэргүүтэй салбарын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар 2 талын хамтын ажиллагааны асуудлууд болон хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар санал солилцож, Баянхонгор сум, Богд, Шинэжинст сумд, ойн зурвас, мод үржүүлгийн талбай, ойн ангиуд, говийн бүсэд ажиллаж, арга зүйн зөвлөгөө өгч, хөрсний бүтэцтэй танилцан сайн туршлагаа манай талд хуваалцав.
Айлчлалын хүрээн Ниншя Хуй Өөртөө Засах оронтой санамж бичиг байгуулах, тус оронд мэргэжилтнүүдийг сургаж, туршлага судлуулахаар болсны зэрэгцээ Баянхонгор аймагт 3000 модны суулгац, Сум дундын он анги болон Богд сум, Шинэжинст сумдад усалгааны систем болон үр, үрсэлгээ зэргийг хандивлахаар болов.
Тэд хэлэхдээ говьд ихээр ургасан Заг модны үндсэнд эмийн ургамал тарьж, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх боломжтойг хэлээд Хармаг модыг цөлжсөн сумдад ихээр тарьж ургуулан, элсний нүүдлийг тогтоон барьж экологийн байдлаа сайжруулсны дараа өөр төрлийн мод, ургамал тариалах нь зүйтэй гэв.