Газар өмчлөх эрхийг цахимаар олгохтой холбогдуулан иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултанд хариулт өглөө

2014 оны 8 сарын 01

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15 309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн 5 байршилд 2014 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн  цахим системийн тусламжтайгаар иргэдийн хүсэлтийг хүлээн авна.

 


Үүнтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултын хариултыг тоймлон танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

-8 дугаар сарын 1-нээс эхэлсэн цахим бүртгэл хэд хоног үргэлжлэх вэ?  Цагийн хязгаар байгаа юу? 

2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үдийн 12 цагт эхэлж, хуанлийн 15 хоног үргэлжилнэ. Иймд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мөн үдийн 12 цагт хааж, тасалбар болгоно.

-Газар хамтран эзэмшдэг бол хүсэлтээ гаргаж болох уу?

Газар урьд нь нэг удаа үнэгүйгээр дангаараа, эсвэл хамтран өмчилсөн иргэд цахим системд хандах боломжгүй. Хэрэв газар дангаараа, эсвэл хамтран эзэмшиж байгаа нөхцөлд газар өмчлөх тухай хүсэлтийг цахим системд илгээж болно.

-Нэг гэр бүлийн  хэдэн ч гишүүн хүсэлт гаргаж болох уу? 

 Нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө бүртгэлээ баталгаажуулсан нийслэлд бүртгэлтэй, урьд нь газар өмчилж байгаагүй бүх насны иргэд хүсэлт гаргах боломжтой. 

Одоо харяалагдаж байгаа дүүрэгтээ л хүсэлт гаргах уу? Эсвэл хамаагүй юм уу?

Дээрх шаардлагыг хангасан бүх иргэд оршин суугаа дүүргээс үл хамааран зарлагдсан аль ч байршлаас сонголт хийж, хүсэлтээ гаргах боломжтой.

-НИТХ-аас баталсан 52 байршилд хүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөх хүсэлтээ гаргаж болох уу?

Болно.

-Дараагийн байршлуудад газар өмчлөх ажил хэзээнээс эхлэх вэ?

Цаг нь тодорхойгүй байгаа. Эхний 5 байршлын газар өмчлөлийн бүртгэл, баталгаажуулалтын ажил эцэслэн дууссаны дараа дараагийн байршлуудын эхлэх хугацааг зарлана.

Нэг байршилд хэд хэдэн хүн хүсэлт гаргасан бол сонголтыг хэрхэн хийх вэ?

Нэг байршилд хүсэлт гаргасан иргэд нь өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тооноос их байгаа нөхцөлд программ автомат үйлдлээр санамсаргүйгээр сонголт хийж, нэгж талбарын өмчлөх эрхийг сонгоно.

Нийслэлд 52 байршлаас бусад газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар  газар өмчилж болох уу?

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хууль тогтоомжийн дагуу 52 байршилд газар өмчлүүлэхээс бусад хэлбэрээр газар өмчлөн авах боломжтой. Нээлттэй.

-Газар өмчлөх эрхээ авсан иргэн газрын гэрчилгээгээ яаж авах вэ?

Журмын дагуу газар өмчлөлийн цахим системээс газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу хүлээн авсан иргэн нь ажлын 10 хоногт багтаж дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж өргөдлөө хуульд заасан материалын хамт цаасаар өгөх ёстой. Тэгснээр тодорхой хугацааны дараа газар өмчлөх шийдвэрээ гардаж авах боломжтой.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6533
0 эможи
keyboard_arrow_up