Ардчилсан залуучуудын холбоо ШИНЭ Ерөнхийлөгчтэй болно
Өнөөдөр /2023.12.07/ Ардчилсан намын бүлэг хуралдаж, олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.
Хурлын үеэр Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч Х.Болор-Эрдэнэ: “2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ээлжит долоодугаар чуулган болохоор товлогдсон.
Энэ удаагийн чуулганаар Ардчилсан залуучуудын холбооны шинэ ерөнхийлөгчөө сонгож батламжилна. Энэ үйл ажиллагаатай холбогдуулан энэ оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон нэр дэвших хүсэл сонирхолтой ардчилсан намын 39 хүртэлх насны залуучуудыг нээлттэй байдлаар бүртгэж байна. Улмаар энэ сарын 10-ны өдрөөс 18-ны өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ мөрийн хөтөлбөртэй танилцаж, бодлогын мэтгэлцээнүүдийг өрнүүлж, тэдний үзэл бодлыг олон нийт болон мандатын эрхтэй гишүүддээ хүргэх юм.
Энэхүү үйл явдалд хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарлаа хандуулж, ирээдүйн ардчилсан намын түүчээ болох залуучуудын бодол санаа, мөрийн хөтөлбөр болон хүсэл эрмэлзлэлийг сурвалжлан оролцохыг хүсье. Энэ удаагийн Ардчилсан залуучуудын холбооны сонгууль нь цэнхэр тугтай, зүрх сэтгэлдээ ардчилсан үзэл санааг тээсэн, оюун бодолдоо эх орныхоо хөгжил дэвшлийг зурагласан залуучуудын шударга ёсзүйтэй өрсөлдөөн байх болно” гэв.