Өнөөдөр ЗУЛЫН 25-ны өдөр тохиож байна

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

“Зулын 25” буюу Богд Зонхов мэндэлж, таалал төгссөний өдрийг хүндэтгэн, шарын шашны хийдүүд ном хурж сүсэгтэн олонд буян үйлддэг. VI жарны /1357он/  алтан унжлага хэмээх гал тахиa жилийн өвлийн эхэн сарын шинийн 25-ны үүрийн шаргал гэгээ татахуйд Богд Зонхов орчлонд мэндэлжээ. Харин VII жарны /1419 он/ өвлийн эхэн сарын 25-ны үдэш таалал төгсжээ.

Үүнээс хойш Богд ламын шашинтнууд эл өдрийг “Зулын 25” хэмээн зул, хүж өргөж, буян ном хураан их Дүйчин өдөр болгожээ. Монголчууд Богд Зоховын мэндэлсэн болоод таалал төгссөн өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг түгээмэл уламжлалыг дурдвал энэ өдрөөс өмнө идэш хоолоо базааж, “Зулын 25”-ны үдэш нүгэл хилэнцээ ариусгаж зул барьдаг байна. 

Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг.

Зулын 25-нд хийх зан үйл:

Зулыг ихэвчлэн гадаа өргөж, Богд ламыг бодон мөргөдөг. Зарим хүрээ хийдэд ч үдшийн гялаан гарах үед гадаа олон зул өргөж, Богд ламын магтаал, залбирал уншдаг. Мөн айл гэр хотлоор малаа хотлуулсны хойно айл бүрээр орж, тос идэж цэнгэдэг уламжлал тогтжээ.

Зарим газар муулсан малынхаа баруун бөөрний өөхөөр зул хийж өргөдөг нь нэг талаас өөрсдийн хийсэн амьтны амь хорлосон нүглээ наминчилж, нөгөө талаас хороогдсон амьтны өөхөөр өргөл өргөж байгаа нь тэр амьтны төрөл дээшлэхэд тустай гэж үздэгтэй холбоотой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653243
0 эможи

keyboard_arrow_up