“Түгжрэл”-ийн сайд Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компанийн галт тэрэг осолдсон хэргийг шүүхэд шилжүүллээ
Дорноговь аймгийн Сайншанд сумын V баг буюу олны нэрлэж заншсанаар Зүүнбаянгаас Хулан шанд зөрлөг хүрэх замд 2022 оны есдүгээр сарын 28-ны 00.59-01.01 цагийн үед ачааны галт тэрэг осолдож, гурван хүн гэмтсэн билээ. ИХ-ын гишүүн, сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн охин компани болох “Монголиан транс ложистик”- ийн эзэмшлийн ачааны 6022 дугаар галт тэрэг тухайн үед 17 вагонтой явснаас 16 нь замаасаа гарсан байдаг. Энэ үеэр тус галт тэрэгний машинч, туслах машинч, вагон үзэгч гэсэн гурван хүн гэмтсэн юм. Эл хэргийг ТЦА-ны Мөрдөн шалгах газарт шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Тээврийн прокурорын газарт шилжүүлсэн аж.
Тэгвэл тус прокурорын газраас “Монголиан транс ложистик” ХХК-ийн зааварлагч машинч, зүтгүүрийн ашиглалтын инженер, галт тэрэгний машинч, туслах машинч нарт Эрүүгийн хуулийн 27.2-1-ийн “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, өвчин, бусад нөхцөл байдлын улмаас өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй үедээ төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг жолоодсон, галт тэрэгний машинч хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөн”, 27.3-1 дэх хэсгийн “Төмөр замын, агаарын, усан замын тээврийн ба хөдөлгөөний, ашиглалтын аюулгүй байдлын журмыг сахин хангуулах үүрэг бүхий хүн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, дээрх дөрвөн хүнийг эд зүйл тээвэрлэн явахдаа хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ноцтой зөрчсөний улмаас замаас гарч осолдон, бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан хэмээн яллагдагчаар тооцоод буй аж.
Зүүнбаян өртөөнөөс Ханги-Мандалын боомт чиглэлд барьж байгаа төмөр зам руу ачаа хүргэж байсан “Монголиан транс ложистик” компанийн галт тэрэгний цуваанд замын рейльс төмөр, төмөр бетон дэр ачиж явсан билээ.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин