УУХҮЯ: ОХУ-аас авах дизель түлшний нийлүүлэлт хэвийн байна
"Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспорт нэмэгдэж байгаатай холбоотой хэрэглээ нэмэгдсэн" гэж УУХҮ-ийн сайд мэдэгдэв
Монгол Улс 11 дүгээр сарын нэгнээс 25-ны хооронд ОХУ-аас 102 мянган тонн дизель түлш импортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 мянган тонноор нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар УИХ-ын чуулганы үеэр мэдээллээ.
Мөн “ОХУ-аас хийх нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн экспорт нэмэгдэж байгаатай холбоотой хэрэглээ нэмэгдсэн” гэдгийг тодотгов.
Монгол Улс ОХУ-аас 140 мянган тонн шатахуун импортлох хүсэлт тавиад байгаа аж. Харин ОХУ-ын тал 12 дугаар сарын 15-наас дотоодын өвлийн түлшний нийлүүлэлт тогтворжсон үед Монгол Улс руу захиалсан хэмжээгээр нийлүүлэлт хийх боломжтой гэж мэдээлээд байна.