Усны газар “Монгол Ураниум Ресурс”-т гаргаж өгсөн дүгнэлтээ эргэж харах уу?!
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд уран хайж явсан “Монгол Ураниум Ресурс” ХХК нүүрс олсон. Энэ нь Эрээн толгойн хүрэн нүүрсний орд юм. Шүүхийн шийдвэрийн дагуу тэрхүү ордыг ашиглаж эхэлсэн. Гэвч “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа” гэсэн гомдол нутгийн иргэдээс гарсаар байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал 2021 оны наймдугаар сарын 4-нд Шадар сайд С.Амарсайханд асуулт тавьсан байдаг.
Тэрбээр асуулгадаа “Нэгдүгээрт, “Монгол Ураниум Ресурс” ХХК Усны тухай хуулийн 28.2.1 дэх хэсэг /Ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан зураг/ 28.2.3 дахь хэсэг /Хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт/, 28.2.6 дахь хэсэг /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт/-т заасныг тус тус бүрдүүлэн, энэ хуулийн 28.2.2 дэх хэсэгт заасан этгээдэд ус ашиглах хүсэлт гаргасан эсэх талаар,
хоёрдугаарт, тус компани Усны тухай хуулийн 29.1 дэх хэсэг /Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна/-т заасны дагуу Ус ашиглах гэрээ байгуулсан эсэх талаар,
гуравдугаарт, Ус ашиглах гэрээний дагуу Усны тухай хуулийн 29.2.5 дахь хэсэг /ус ашигласны нэгж төлбөрийн хэмжээ/ 29.2.6 дахь хэсэг /Хаягдал усан дахь нэгж бохирдуулах бодист ногдох төлбөрийн хэмжээ/-т заасан төлбөрийг төлж байгаа эсэх талаар тус тус мэдээллийг хянан нягталж ирүүлнэ үү” гэжээ.
Асуулгын хариуг Шадар сайд С.Амарсайхан 2021 оны наймдугаар сарын 26-нд хүргүүлсэн байна.
Түүгээрээ “Нэгдүгээрт, “Монгол Ураниум Ресурс” ХХК нь усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлтийг “Монгол Ус” ТӨҮГ-аар 2020 оны дөрөвдүгээр сард гаргуулсан байна.
Хоёрдугаарт, Ус ашиглуулах дүгнэлтийг Усны газраар 2021 оны гуравдугаар сард гаргуулж, Ус ашиглах зөвшөөрөл, гэрээг Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаатай 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн байна.
Гуравдугаарт, гэрээний дагуу шавхан зайлуулах усанд ногдуулсан 47 сая төгрөгийн төлбөрийг одоогоор төлөөгүй байна. Хаягдал усны дүгнэлтийг 2020, 2021 онд гаргуулаагүй байна” гэсэн хариуг өгчээ.
Өөрөөр хэлбэл, Шадар сайд хариундаа “Ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ нь бүгд хуулийн дагуу байна. Харин Хаягдал усны дүгнэлтийг гаргуулаагүй, мөн шавхан зайлуулах усанд ногдуулсан төлбөрийг төлөөгүй байна” гэсэн байгаа юм.
Энд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэдийн яриад байгаа “Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. “Монгол Ураниум Ресурс” ХХК олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсний улмаас гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байгаа” тухайд ганц ч үг, үсэг алга.
Гэхдээ Усны газраас “Монгол Ураниум Ресурс” ХХК-д гаргаж өгсөн дүгнэлт үнэн зөв байсан уу. Гэрээ, зөвшөөрөл нь цаашид үргэлжлэх боломжтой юу гэдэг асуудал босож ирэхээр байна. Усны газраас дүгнэлтээ авсан “түүх”-ийг нь харвал “Монгол Ус” ТӨҮГ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 20-нд “Усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлт хүргүүлэх” тухай 1/185 дугаар бүхий албан бичгийн хавсралтаар “Монгол Ураниум Ресурс” ХХК хүргүүлжээ. Түүндээ “Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Эрээн толголй нүүрсний ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотгол тайланд тусгасан ус ашиглалтын тооцооллыг хянаж үзээд, усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлтийг гаргасан” гэжээ. Тэрхүү дүгнэлтэд нь “Эрээн толгой нүүрсний ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл нь 10 жил үргэлжилнэ.
Жилд 2,000.0 мянган тн нүүрс олборлох хүчин чадалтай. Уурхайн 220 ажилтантай. Жилд 300 хоног, хоёр ээлжээр, 12 цагийн горимоор ажиллана. Нэг жилийн ус ашиглалтыг тооцоход, унд, ахуйд 9900 шоометр, зам талбайн усалгаанд 23 970 шоометр, биологийн нөхөн сэргээлтэд 738.36 шоометр, ил уурхайд орж ирэх шүүрлийн усны хэмжээ эхний жилийн хоногт 202.6 шоометр, нийтдээ хоногт 195.26 шоометр, жилд 34 608.36 шоометр ус ашиглана. Мөн унд, ахуй, биологийн нөхөн сэргээлтийн усалгаанд өөрийн эзэмшлийн хоногт 129.6 шоометрийн ундаргатай худгаас 35.46 шоометр ус хангана.
Зам талбайн усалгаанд хоногт ашиглах 159.8 шоометр усыг уурхайн шүүрлийн 202.6 шоометр усыг хангахад усны ашиглах боломжит нөөц хүрэлцээтэй байна” гэжээ. “Ингэж ашиглах боломжит нөөц байна” гэж “Монгол Ус” ТӨҮГ-ын Ашиглалтын үйл ажиллагааны удирдлагын хяналтын хэлтсийн дарга Д.Батжаргал дүгнэлт бичиж өгсөн байна. Дараа нь 2021 оны гуравдугаар сарын 25-нд Усны газрын Ус ашиглалтын хэлтсийн дарга Х.Шүрэнцэцэг 05/193 дугаар бүхий албан бичгийн хавсралтаар Эрээн толгой хүрэн нүүрсний ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийг Ус ашиглуулах дүгнэлтийг гаргаж явуулжээ. Тэрхүү дүгнэлтэд “Нийт ажилчдын тоо 84 хүн, уурхайн үйл ажиллагаа жилийн дөрвөн улирлын турш явагдах ба хоногт 12 цагт хоёр ээлжээр, жилдээ 300 хоног ажиллана”, “2021 онд 1 260 000 шоометр хөрс хуулж, 550 000 шоометр нүүрс олборлож экспортолно”, “Ажилчдын хотхоны ундын усны уурхайн талбайгаас 30 км зайд байрлах Эрдэнэцагаан сумын төвийн ундны усны худгаас хангана. Уг худаг нь 1.6 л/сек-ийн ундаргатай. Унд, ахуйд 2021 онд хоногт 6.95 шоометр ус ашиглана”, “Цооногоос шавхагдан гарах усыг хуримтлуулах усан сангийн хэмжээ 100 000 шоомер. Энэ усан сангимйн усыг зам талбайн тоосжилт дарахад ашиглана. Уурхайн талбайд үерийн ус орохоос урьдчилан сэргийлэх хамгаалалтын суваг байгуулна” гэжээ. Мөн “Улирал бүр хоёроос доогүй удаа хаягдал усны сорьц авч, байгаль орчны итгэмлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэж, хариуг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор Усны газарт ирүүлэх шаардалагатайг анхаар” хэмээсэн байна. Түүнчлэн “Үйлдвэрлэлийн жилийн хэрэгцээнд, үүнд унд ахунй усанд 3 780 шоометр, уурхай ажиллах хугацаанд зам, талбайн тосжилт дарахад ашиглах ус 7 200 шоометр, уурхайгаас шавхан зайлуулах шүүрлийн усны хэмжээ 60 780 шоометр болно”, “Унд, ахуйн хэрэгцээний зориулалтаар жилд ашиглах 9 780 шоометр усыг төлбөрөөс чөлөөлнө”, “Уурхайн ухлагаас шавхан үайлуулах 60 780 шоометр шүүрлийн усны төлбөрийг итгэлцүүрээр тооцож, 47 2226 060 төгрөгөөр бодно” гэжээ. Ингээд хоёр жилийн дараа эргэж харахад тус компани хууль тогтоомж хийгээд гэрээ, дүгнэлтээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй явж ирсэн байх юм.
Тухайлбал, дээрх 47 сая гаруй төгрөгийн төлбөрийг лав 2021 оны намар гэхэд төлөөгүй байв. Бас хаягдал усны дүгнэлт гаргуулалгүй явж иржээ. Энэ талаар Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргаанаас 2021 оны наймдугаар сарын 20-нд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн Х/709 тоот албан бичигт “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-иас 2021 оны хаягдал усны дүгнэлт гаргуулах тухай хүсэлт ирүүлээгүй” гэсэн байдаг.
Цааш нь хөөвөл, Усны газраар 2020-2023 онд хаягдал усны дүгнэлт гаргуулсан 151 компани байна. Тэнд “Монгол Ураниум Ресурс” буюу “Эрээн толгой” ХХК алга. Харин 2022 онд Ус ашиглуулах дүгнэлт гаргуулжээ. Ингэхдээ 85 521 шоометр усны төлбөрт 66 449 817 төгрөг төлөхөөр бичигджээ. Товчхондоо, нутгийн иргэд “Таван голын эх ундарга болохоо болилоо” гээд байхад төрийн зүгээс “Бүх дүгнэлт, зөвшөөрөл, гэрээ хуулийн дагуу байна” гээд байдаг. Гэтэл тэрхүү хуулийн дагуу авсан “эрх”-ийнхээ үүргийг биелүүлээгүй жишээ ингээд гарч ирж байна. Тиймээс Усны газрын дарга З.Батбаяр энэ асуудалд анхаарал хандуулж, “Монгол Ураниум Ресурс”-т гаргаж өгсөн дүгнэлтээ эргэж харах бололтой. Учир нь түүний эрхэлсэн албан тушаалын хүрээнд зөвхөн Улаанбаатар хот орчмын усны асуудал бус Монгол Улсынх тэр чигтээ багтдаг билээ.
Үргэлжлэл бий...
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж: Зууны мэдээ сонин