Монгол Улсын Засгийн газрын шинэ бондын захиалга $4.2 тэрбум давлаа
Монгол Улсын Засгийн газрын 5.5 жилийн хугацаатай, 350 сая ам.долларын шинэ бондын купон 7.875 хувь
Монгол Улсын Засгийн газар 5.5 жилийн хугацаатай, 7.875 орчим хувийн купонтой бонд олон улсын зах зээлд гаргалаа. Захиалгын хэмжээ сүүлийн байдлаар 4.2 тэрбум ам.доллар хүрээд байгааг “Bloomberg” мэдээллээ. Шинэ бондоор 350 сая ам.долларын санхүүжилт татах зорилготой байгаа юм.
Захиалагчдыг бүсээр нь задлаад харвал Ази, Номхон далайн бүсээс 46 хувь, Хойд Америкаас 22 хувь, харин үлдсэн 32 хувийн захиалга Европ, Ойрх Дорнод, Африкийн бүсээс ирсэн байна. Хөрөнгө оруулагчдын 93 хувь нь хедж сангууд, хөрөнгийн менежерүүд байсан бол үлдсэн 7 хувьд нь банк, даатгал болон санхүүгийн байгууллагууд багтжээ.
“Bloomberg”-ийн тооцооллоор шинэ бонд нь Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөжийн муруйгаас 72.4 суурь нэгжээр өндөр түвшинд байна.
Сингапурын биржээр арилжаалагдах тус бондыг босгосноор Монгол Улс 2024 онд төлөгдөх 8.75 хувийн купонтой “Хуралдай” бондыг буцаан худалдан авахаар зорьж байгаа юм. Ингэснээр Монгол Улсын гадаад өрийн тодорхой хувийг төлөх хугацааг хойшлуулах боломжтой болохоор байна.