“Цагдаагийн хурандаа” цолыг 5 эмэгтэй алба хаагч хүртлээ
Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2023.11.24/ гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудад цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, цагдаагийн хурандаа цолоор 17, дэд хурандаа цолоор 41, хошууч цолоор 54, ахмад цолоор 123, ахлах дэслэгч цолоор 355, дэслэгч цолоор 177, сургагч ахлагч цолоор 5, нийт 772 алба хаагчид цол олгов.
Ийнхүү “цагдаагийн хурандаа” цолыг 5 эмэгтэй алба хаагч хүртсэн онцлог үйл явдал боллоо. Үүнд:
- Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Наранцацрал;
- Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Ш.Тунгалаг;
- Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Болормаа;
- Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг;
- Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Д.Туяацэцэг нар шагнагдсан юм.