Малчид аймаг, сум дамжиж шатахуун, түлш хайж байна
Цаг уур орчны шинжилгээний газраас нийт нутгийн 50 хувьд зудын эрсдэлтэй. Үүний есөн хувьд өндөр, 36 хувьд дунд зэргийн эрсдэл үүссэн гэсэн юм. Цаг агаарын нөхцөл хэцүү энэ үед нийслэл болон орон нутагт шатахуун тасалдаад нэлээдгүй хугацаа өнгөрлөө.Тиймээс бид нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.
Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд дизель түлш өгч байгаа колонк байна уу гэх нийтлэл харагдах болов. Нөгөө талдаа дизель түлш зарна. Хүргэж өгнө гэх зарууд хөвөрч байна. Энэ нь шатахуун түгээх станцууд шатахууныг зөвхөн гэрээтэй байгууллагууддаа олгож байгаатай холбоотой ажээ. Энэ талаар иргэн Г.Даваадалай “Өнөөдөр хотын баруун захаар дизель түлш хайгаад олсонгүй. Тодруулбал, 10 хорооллоос эмээлт хүртэл 17 шатахуун түгээх станцаар орлоо. Гэрээтэй машиндаа 200 литрээр олгож байгаа гээд өгсөнгүй. Шагийн буюу хувь хүнээс литрийг нь 4500 төгрөгөөр авлаа” гэсэн юм. Харин Магнай трейд ХХК-ийн түгээгч “Манай дизель түлш дууссан. АИ-92-ийг хязгааргүй олгож байгаа” гэв. Өөрөөр хэлбэл, шатахуун түгээх станцад 3690 төгрөгөөр зарагдаж буй дизель түлш шагчдын гараар дамжиж 4200-5000 төгрөгт хүрээд байна.
Нийслэлд зөвхөн дизель түлш тасалдаад зогсохгүй АИ-92 олголт ч багасжээ. Тодруулбал, Зүүн дөрвөн замын урд байрлах “Петровис” шатахуун түгээх станц хаалтаа хааж, АИ-92 дууссан гэсэн бичиг наажээ. Харин АИ-92-ийг Натурт байрлах “МТ” болон “Тэс Петролиум”-ын шатахуун түгээх станцууд үнийн дүнгийн хязгааргүй олгож байв. “Сод Монгол” урамшууллын карттай хүнд 30 мянган төгрөгт өгч байсан юм.
Цас, зуд хэцүү үед малчдын хөлд дүүжлэх унаа бол машин, мотоцикль байдаг. Тэгвэл өвөлжилт хүнд байгаа Говьсүмбэр, Дорноговь аймгуудад шатахуун олгохгүй байгаа аж. Үүнээс үүдэж малдаа явж чадахааргүй болоод буйгаа учирлаж байв. Энэ талаар Говьсүмбэр аймгийн малчин Н.Ганзориг “Энэ жил эрт цас унасан. Ийм үед малчдын гол унаа нь машин, мотоцикль байдаг. Гэвч аймгийн хэмжээнд дизель түлш, бензин тасарчихсан. Аргаа барахдаа аймаг дамжиж буюу Даланжаргалан сумаас ирж бензин авч байна. Одоо нэмж цас орвол зуд болохоор байна. Ийм хүнд үед төр засаг маань шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгож малчид биднийгээ харж үзээсэй. Энэ чигээрээ байвал малдаа явж чадахгүй болохоор байна” гэсэн юм.
Харин орон нутагт шатахууны нийлүүлэлт зогссон. Өөр газруудаас шатахуун авч үйл ажиллагаагаа тасалдуулахгүй ажиллаж байна гэсэн юм. Энэ тухай Даланжаргалан сумын “Жаргалант ойл” шатахуун түгээх станцын эрхлэгч У.Өнөрбямба “Манайх шатахуун хэвийн олгож байна. Аймгийн хэмжээнд дизель түлш, АИ-92 олгохгүй байгаа. Тиймээс Замын-Үүд болон Сайншанд чиглэлээс тээврийн болон уурхайн машинууд, зэргэлдээ сумдын малчид ихээр үйлчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт 2-3 хоног шатахууны нийлүүлэлт хязгаарласан. Эргэж олгохдоо үнэ нь нэмэгдсэн. Дизель түлш 4050-4280, АИ-92 шатахуун 2600-2700 төгрөг болж нэмэгдсэн” гэсэн юм.
Ашигт малтмал газрын тосны газраас шатхууны нөөцийг өчигдөр танилцуулж хэвийн болсон гэсэн юм. Тухайлбал, арван нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт 84.085 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 2365 тонн, АИ-92 шатахуун28.168 тонн, АИ-95 шатахуун 5.467 тонн, Дизель түлш 42.699 тонн үлдэгдэлтэй байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл А-80 автобензин 14 хоног, АИ-92 шатахуун 23 хоног, АИ-95 шатахуун 27 хоног, Дизель түлш 19 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна гэв.
Харин энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал “Есдүгээр сарын сүүлчээр ОХУ түлш, шатахуунаа экспортлохыг хориглосон. Гэхдээ Монгол Улсыг энэ хоригоос гаргасан. Яг тэр тушаал шийдвэр нь албажих хугацаанд манай улсад нефтийн бүтээгдэхүүн орж ирээгүй. Үндсэндээ аравдугаар сарын эхнээс шатахуун, түлшний импорт эхэлсэн гэсэн үг. Харин үүнээс өмнө манай улс нөөцөө шавхаад байсан. Ингээд хангамжийн хувьд зохион байгуулалтын доголдлууд үүссэн. Манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж байгаа учраас уурхайнуудын эрэлт өссөн. Сард дунджаар 80 мянган тонныг хэрэглэдэг байсан бол одоо 190 мянган тонн болсон. Намар зуны түлшнээс өвлийн түлш рүү шилждэг. Ургац хураалт зэрэг шалтгаануудаас болж шатахууны хангамжийн доголдол үүссэн. Бөөний хувьд хилээр хангалттай орж ирж байна. Аравдугаар сараас хойш 127 мянган тонн шатахуун орж ирсэн байна. Тэгэхээр бөөний нийлүүлэлтэд хомсдол үүсээгүй. Харин шатахуун импортлогч компаниудад зохион байгуулалт, тээвэрлэлтийн асуудал байгаа. Жишээлбэл, зарим жижиг компани өөрсдөө агуулахгүй учраас түрээсэлдэг. Гэхдээ одоо харьцангуй жигдэрч байна. Өнөөдөр нөөцийг танилцуулсан. Нөөц хэвийн болсон” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 234 (7219)