В.Баасанхүү: “Баян-Өлгийд дайчилгааны хээрийн сургуулилалт явуулж байна” хэмээн илт худал мэдээлэл түгээсэн
ҮАБ-д нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар ҮАБЗ-ийн Ажлын албанаас мэдээлэл өглөө.
Энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын ахлах ажилтан В.Баасанхүү " Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт худал мэдээлэл түгээсэн хэрэг хэд хэд гарлаа. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын зөвшөөрлөөр мэдээлэл өгч байна.
2023.08.30-ны өдөр олон нийтийн сүлжээнд Чаагийн Чагнаа гэх хаягаас “Монгол Улсын хилийн отрядыг нүүлгэн шилжүүлж, улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-д шилжүлэн өгөх гэж байна” гэж бичсэн. Энэ нь илт худал мэдээлэл. Мөн 2023.09.10-ны өдөр “Казах иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлэх зорилгоор томоохон ажиллагаа явуулахаар шийджээ. Бид та бүхэнд буу зэвсгээр туслах болно. Бүгдээрээ хамтдаа тэмцэн, засаг төрийг эргүүлье” гэсэн байна.
2023.09.13-ны өдөр "Гилийн тамга" гэх хаягаас Баян-Өлгий аймагт дайчилгааны хээрийн сургуулилалт явагдаж байна. Энэ нь тус аймгийн иргэдийн айлган сүрдүүлэх зорилготой гэсэн агуулга бүхий илт худал мэдээллийг иргэн Б удаа дараа нийтэлжээ. Иймд Эрүүгийн хуульд заасан худал мэдээлэл тараах, үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйл заалтаар мөрдөн шалгаж, прокурорын хяналтад шилжүүлэв.
Эрүүгийн хуулийн 13.14-т заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг нь 50-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл 1-3 сарын хугацаагаар хорих ял шийтгэлтэй.
Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэг нь 5-12 жил хүртэл хугацаагаар хорих ял оноох шийтгэлтэй байдгийг сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлж байна." гэв.