САЙН МЭДЭЭ : Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн БҮРТГЭЛ шинэчлэгдлээ

2023 оны 11 сарын 19

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийн програмыг шинэчлэн, цаг алдалгүй бүртгэх системийг хөгжүүлжээ. Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюунтуяагаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон бусад асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, програм хөгжүүлэлтийг шинэчилсэн байна?

ЦЕГ-ын даргаас үүрэг, чиглэл болгосны дагуу гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдэж байгаа этгээдүүдэд онцгой анхаарал хандуулж, тухайн иргэдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас нэг бүрчилсэн хяналт тавин ажилладаг болсон. Өөрөөр хэлбэл бид эрсдэлтэй айл, өрхүүдийг нарийвчлан бүртгэлдээ хянадаг болсон гэсэн үг.

Мөн дуудлага мэдээлэл хүлээн авч бүртгэдэг програмд нэмэлт хөгжүүлэлт хийж, хохирогч, холбогдогч, нарыг регистрийн дугаараар бүртгэдэг болсноор тухайн иргэний хувийн байдлыг тогтоож, тухайн гэр бүлийн хүчирхийллийн түүх, давтамжийг шууд хардаг болсноороо ач холбогдолтой юм. Ингэснээр дүн шинжилгээ хийж, хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаарх мэдээллийг тэмдэглэх ажлыг боловсронгуй болгох чиглэлээр мэдээллийн бааз үүсгэн ажиллаж байна.

Хүчирхийлэл үйлдэгч хуулийн дагуу хариуцлага хүлээх хэдий ч эргээд л гэртээ ирдэг. Үүнээс үүдэн өш санах буюу хүчирхийлэл хүндрэх тохиолдол гарч болзошгүй. Цагдаагийн байгууллага хохирогчийг хамгаалж чадаж байгаа юу. Хохирогчийг хамгаалах хууль, эрх зүйн орчин ер нь ямар байгаа вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хохирогчдын 90 орчим хувь нь өөрийн ах дүү, хамаатан садныхаа асрамж, халамжид үлддэг. Үлдсэн 10 гаруй хувь нь түр хамгаалах байр буюу нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл, хохирогчийг түр хамгаалах байранд байлгана гэдэг нь хүчирхийлэгчээс хамгаалах арга хэмжээ авч байна гэсэн үг. Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг хамгийн багадаа тухайн өдөрт нь, удлаа гэхэд 3-5 хоногт шүүхэд шилжүүлж, зохих шийтгэлийг ногдуулдаг. Аюулгүй байдлын хамгаалалтыг ямар хугацаанд үргэлжлүүлэхийг аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээг харгалзан үзэж шийддэг. Мөн хохирогчийг зөвхөн цагдаагийн байгууллага хамгаалдаггүй. Тухайлбал, хорооны хамтарсан баг гэж байдаг. Энэ мэт цөөнгүй байгууллагатай хамтарч, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зэргээр цогцоор нь шийддэг.

Дан ганц цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллана гэвэл хүн хүчээс эхлээд боломж бололцоо төдийлөн байхгүй.

Гэр бүлийн хүчирхийлэл ихэвчлэн ямар хэлбэрээр үйлдэгддэг вэ. Гол төлөв ямар хүмүүс хүчирхийлэл үйлддэг вэ?

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 5-7 хувийг эмэгтэй хүн үйлддэг. Үлдсэн 90 гаруй хувийг эрчүүд эзэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт оюун санааны, эдийн засгийн, бие мах бодийн болон бэлгийн гэсэн дөрвөн төрлийн хүчирхийлэл багтдаг. Үүнээс бие мах бодийн хүчирхийлэл манай улсад түгээмэл. Тодруулбал, өнгөрсөн оны байдлаар энэ төрлийн гэмт хэргийн 85 гаруй хувь нь бие мах бодийн хүчирхийлэлтэй холбоотой байсан.

Ямар шалтгаанаас гэр бүлийн хүчирхийлэл үүсдэг вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх суурь шалтгаан нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хоорондын харилцаа юм. Тодруулбал, харилцаагаа буюу маргаанаа эерэг аргаар шийдэж чадаагүйгээс даамжирдаг. Улмаар үүнийгээ зохицуулж байгаа арга барил нь нэгнийгээ зодох, хохирол учруулах зэрэг байдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл үүсхэд тухайн хүний буруу зуршил, сөрөг зан харилцаа, зөв хүмүүжил болон төлөвшлийн дутмаг байдал голлон нөлөөлдөг.

Тэгэхээр архи, согтууруулах ундаа хэрэглэж байгаа байдал, ядуурал, ажилгүйдэл зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл болохоос шалтгаан биш.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэд хуулийн дагуу шийдвэрлүүлж баривчилгаанд явж ирэхэд тухайн айл өрхийн уур амьсгалд тодорхой хэмжээний сөрөг уур амьсгал бий болдог энэ тохиолдолд цагдаагийн байгууллагаас ямар ажил арга хэмжээг зохион байгуулдаг вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зөрчил гаргасан иргэнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж, 7-30 хоногийн баривчилгаа, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулдаг бөгөөд баривчлах байрнаас гарч ирэхэд нь цагдаагийн байгууллагаас хорооны хамтарсан баг, аймаг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст холбон зуучилж, сэтгэл зүйн болон бусад үйлчилгээнд хамруулж, тухайн иргэний сэтгэл зүйг тодорхой хэмжээгээр эмчилдэг тул дахин хүчирхийлэл үйлдэх явдал багасдаг.

Ард иргэддээ хандаж хэлэхэд таны хөрш айлд болж байгаа хүчирхийллийн асуудалд өөрийн асуудал мэт хандаж цагдаагийн байгууллагын 102, 107 тусгай дугаарын утсанд хандах болон хорооны хамтарсан багт мэдээ, мэдээлэл өгч байхыг уриалж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652816
0 эможи

keyboard_arrow_up