ШУУРХАЙ: Урьдчилсан байдлаар “Талийгаач хоёр уушгиндаа хатгалгаа тусаж хүндэрсэн байсан байж болзошгүй байгаа“ гэх ДҮГНЭЛТ гарчээ
Био комбинатад байрлах ЗХ-ний 0326 дугаар ангид алба хаахаар ердөө 20 гаруй хоногийн өмнө очсон 21 настай залуу "шалтгаан тодорхойгүй байдлаар" амиа алдсан харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочроогоод буй.
Тодруулбал, ЗХЖШ-аас “Талийгаач нь орой унтах командаар хэвийн унтсан ч өглөө 06:20 цагийн үед босох командаар босоогүй. Улмаар жижүүрийн бүрэлдэхүүнд мэдэгдэж, эхний байдлаар шалгахад нас барсан нь тогтоогдсон” гэх тайлбарыг өгсөн.
Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Гаднын ямар нэг нөлөөгүй, би бүгдийг мэдэж байна” хэмээн мэдэгдээд буй.
Тэгвэл урьдчилсан байдлаар биед нь ил харагдах гэмтэл, шарх байхгүй, задлан шинжилгээний явцад хоёр уушгиндаа хатгалгаа тусаж хүндэрсэн, ходоодны шарх үүссэн байж болзошгүй байгаа гэх мэдээлэл гарчээ.
Хэрэв хугацаат цэргийн алба хаагч хоёр уушгиндаа хатгалгаа туссаныг, тэр нь хүндэрснийг Цэрэг татлагын комисс, улмаар Зэвсэгт хүчний 326 дугаар анги штабын дарга, захирагч, эмч нар мэдэхгүй байсаар нэгэн гэр бүлийг хагацалд унагасан байж болзошгүй асуудал гарч мэдэх нөхцөл байдал яригдаж байгаа аж.
Нөгөө талаас талийгаачийн өвчнийг мэдсээр байж цэрэгт хүчээр татсан ч байж болзошгүй нөхцөл байдал ч гарч мэдэхээр аж.
Энэ асуудлаар өнөөдөр БХЯ, ЗХЖШ-аас мэдээлэл хийхээр болж байгаа аж. Харин яг хэдэн цагт мэдээлэл өгөх нь одоогоор тодорхойгүй байна.