Ч.Цогтжаргал : Бүх камер ажиллаж байгаа, бичлэгийг цагдаагийн байгууллага авсан
Өнөө өглөө цэргийн ангид 21 настай цэрэг гэнэт нас барсан асуудлаар Зэвсэгт Хүчний Жанжин штабаас яг одоо хэвлэлийн бага хурлыг хийж байна.
ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал : Зэвсэгт хүчний 326 дугаар ангид 11-р сарын 12-13-нд шилжих шөнө нэг байлдагч маань харамсалтайгаар амиа алдлаа. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Талийгаач 21 настай хүү өнөө өглөө бүх байлдагч нарын босох командаар босоохгүй байсан учраас очиж хартал нас барсан байсан. Өмнөх өдрөө амардаг цагтаа бүгд амарсан байсан. Дүрмийн дагуу амарч байгаад өглөө 06.00 цагт бослого эхэлдэг. Бослогын цагаар сэрээгүй учраас цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Шүүх шинжилгээний байгууллагаас цогцосд үзлэг шалгалт хийж байгаа.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас цэргийн анги руу хэвлэлийн байгууллагуудыг нэвтрүүлэх боломжгүй байна. Хоол унд холбогдох бүх зүйлийг мөрдөн шалгаж байгаа учраас одоо бид шууд ямар нэгэн зүйл хэлэх боломжгүй байна. Дашрамд цэргийн ангийн камер бүгд ажиллаж байгаа. Камерын бичлэгийг цагдаагийн байгууллага авсан.
Зарим албан хаагчийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Энэ мэдээллийн дараа бид Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн ангид очиж, ар гэрийнхэнтэй нь уулзах гэж байна" гэлээ.