Бие бялдарын түвшин тогтоох үзлэгт Дотоодын цэрэг ГУРАВТ ШАЛГАРЧЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин тогтоох үзлэг 3 үе шаттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Энэхүү үзлэг нь Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдын ёс зүй, сэтгэл зүй, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тогтоох, цэргийн дүрэм, дүрэмт хувцасны зөв хэрэглээг хэвшүүлэх, цаашид төрийн тусгай алба хаагчдад чиглэсэн ёс зүй, сэтгэл зүй, бие бялдрын сургалт бэлтгэлийг сайжруулах арга замыг оновчтой тодорхойлох зорилготой юм.
Үзлэгийн 1, 2 дугаар шатанд хууль сахиулах байгууллагуудын нийт бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулж, 3 дугаар шатны үзлэгт генерал, хурандаа цолтой удирдах албан тушаалтнуудыг хамруулахын зэрэгцээ анги, байгууллагуудаас бүсчилсэн байдлаар сонгож хамруулсан юм.
Үүнд Дотоодын цэргийн штабын генерал, хурандаа цолтой удирдах албан тушаалтнууд, төвийн бүсээс 05 дугаар анги, баруун бүсээс 829 дүгээр тусгай салбар, зүүн бүсээс 826 дугаар тусгай салбарууд тус тус амжилттай оролцлоо.
Үзлэгийн нийлбэр дүнгээр Зэвсэгт хүчний Жанжин штаб тэргүүлж, Хил хамгаалах байгууллага хоёрдугаар байр, Дотоодын цэргийн байгууллага гуравдугаар байрт шалгарч, өнөөдөр /2023.11.13/ Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч Т.Сүхболд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит шагналыг гардан авлаа.