Шуурганаар амиа алдсан иргэдийн ар гэрт 5 сая төгрөг ОЛГОНО
11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд орсон хүчтэй цасан шуурганы улмаас монгол орны нутаг дэвсгэрийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант суманд 34 см, үүний араас Архангай, Увс, Завхан аймаг орж байна. Цасан шуурганы үеэр 12 аймгийн 24 суманд 46 дуудлагаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, 38 иргэнийг эсэн мэнд олж, найман иргэн амь насаа алдсан.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумдын Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай техник хэрэгсэл, хүн хүч дайчлах зэргээр мэргэжил аргазүйн зөвлөгөөг өгч ажиллаж байгаа юм.
Мөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид цасанд хаагдсан зам, гарцыг нээх, малчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг аймаг, сумдын онцгой комисстой хамтран зохион байгуулж байна.
Лүн суманд энэ сарын 4-ний өдрийн 05:30 цагт орсон цас 11 цаг үргэлжлэн, аюулт үзэгдлийн хэмжээнд хүрсэн. Цаг уурын аюулт үзэгдлийн улмаас 17 иргэн шуурганд төөрсөн дуудлага, мэдээллийн дагуу ажиллаж, 16 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэн амь эрсэдсэн. Урьдчилсан байдлаар 785 бог, 35 бод мал хорогдож, 170.2 сая төгрөгийн хохирол учраад байгааг мэдээллээ.
Улсын онцгой комиссоос Лүн, Эрдэнэсант суманд шаардлагатай байгаа түлшний дэмжлэг үзүүлж байна.
Мөн Төв, Өвөрхангай аймагт болсон байгалийн аюулт үзэгдлийн улмаас харамсалтайгаар амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд тус бүр эхний ээлжинд 5 сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэжээ.